Боко Харам дахин охид хулгайлж, 300 гаруй хүний аминд хүрчээ

Нигерийн лалын хэт даврагч бүлэглэл Боко Харам эрлийн ажиллагаа явуулж байсан тосгон руу өчигдөр халдаж, Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд нас барагсдын тоо 300 гараад байгаа аж. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа гэнэ. Нигерийн Засгийн газар өнгөрсөн сарын 14-ний өдөр хулгайлагдсан 276 охиныг аврахаар Ганбору-Нгара тосгонд цэрэг арми төвлөрүүлээд байжээ.

Гэсэн хэдий ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зэвсэгт этгээдүүдийг халдахаас өмнө “охид Чад нуурын ойролцоо байна” гэх мэдээлэл ирсэний дагуу цэргүүд Чадын хилийн ойролцоо очсон боловч худлаа цуурхал байсан гэнэ. Цэргүүдийг худлаа мэдээлэлд төөрөгдөн явсан хойгуур тус тосгон ямарч хамгаалалтгүй байсан бөгөөд орон нутгийн цагаар шөнийн 1:30 цагийн үед цэргийн хувцас өмссөн зэвсэгт этгээдүүд гурван трактор, мотоциклоор тосгонд ирж, томоохон хэмжээний захууд руу пуужин болон гар хийцийн бөмбөгнүүд шидэн дэлбэлжээ. Улмаар барааны дэлгүүрүүдэд гал авалцаж, арай гэж дэлгүүрээс зугтаж гарч ирсэн хүмүүсийг маш хэрцгийгээр шатааж алж байжээ.

Тосгонд үлдсэн байсан хэдхэн цэргүүд дайралтыг зогсоож чадалгүй зугтсан бөгөөд тэднийг оруулаад нийт 2000 гаруй иргэд хөрш орон Камерун руу дүрвэжээ. Энэ дайралт 12 цагын турш үргэлжилж, цагдаагийн газар ч гэсэн халдлагад өртсөн байна. Эхэндээ цагдаагийн ажилтанууд эсэргүүцэж хариу цохилтыг үзүүлж байсан ч тэдний байр нь дэлбэрч,  цагдаагийн 14 албан хаагч амиа алдсан гэнэ. Алан хядагчдыг тус тосгоныг орхин явсаны дараа буцаж ирсэн нэг иргэн AFP-д өгсөн ярилцлагандаа “Тосгоны маань энд тэндгүй цогцоснууд хөглөрч байсан” гэж ярьжээ.

Мөн Тэрбээр “өмнө нь ч гэсэн Боко Харамын дайралтад өртөж байсан ч энэ удаагийнх хамгийн их гарз хохирол учруулсан нь байлаа” гэжээ. Үүгээр ч зогсохгүй Боко Харамын удирдагч Абубакар Шэкау өнгөрсөн сард хулгайлагдсан 200 гаруй охидыг зарна гэж сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн бөгөөд энэ сарын 4-ний өдөр дахин хоёр тосгон руу дайрч, 12-15 насны 11 охиныг  хулгайлжээ.

Боко Харамыг олон улсын террорист байгууллага Аликайдатай холбоотой гэх мэдээлэл ч гараад байна. Гэхдээ энэ нь баттай бус мэдээлэл юм. Хулгайлагдсан охидыг аврахын тулд Америкийн дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Женепер Псаки эрлийн ажилд  шаардлагатай цэргийн хүч, эд материалаар тусалж хамран ажиллахад бэлэн байгаагаа Нигерийн засгийн газарт илэрхийлжээ.

Түүний мэдээллээс үзвэл, Нигерийн Абужа хотод байрладаг Америкын элчин сайдын яаманд цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдсөн байна. Энэ зөвлөгөөнөөр эрэл хайгуулын ажил болоод барьцаалагдсан хүмүүсийг суллах гэрээ хэлэлцээрийн талаар ярилцжээ. Мөн Америкийн зэвсэгт хүчний холбогдох хүмүүс хэдэн өдрийн турш тус улсад байрлахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Английн ерөнхий сайд Давид Камероны хэвлэлийн төлөөлөгч ч гэсэн уг бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн мэргэжилтнүүдээ илгээхээр болсоноо мэдэгджээ. Харин Хятадын ерөнхий сайд Ликэцян хүн ам зүйн хиймэл дагуулыг өргөн барьж, эрлийн ажиллагаа болон мэдээлэл цуглуулах ажилд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Нигерийн цагдаагийн газар 310 мянган Америк долларын мөнгөн хандив өргөж, охидод тусламж үзүүлэхтэй холбоотой мэдээллийг үнэн бодитойгоор дамжуулахыг уриалж  байгаа аж.

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button