Үдээс хойш төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулав.
УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймээс нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу 2014 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцож, нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн нийт урсгал зардлыг бууруулж төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Тухайлахад, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35.0 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг уг хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн хууль тогтоомжийн дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас төлөх хөрөнгийн үлдэгдлээс 2014 оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөнд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг тодотголын төсөлд тусгажээ. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохих зохицуулалтыг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд зардлыг шилжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Харин улсын төсвийн 2014 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын тухайд Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор 2014 оны төсөвт хөрөнгө тусгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэг бүрчлэн баталсны дагуу Сангийн сайдын 2014 оны төсвийн багцад бөөн дүнгээр батлагдсан “0.0” дүнтэй төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 139.4 тэрбум төгрөгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад шилжүүлэн тусгахаар зохицуулжээ.
Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 39.2 сая төгрөгөөр буурч 6,883.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал батлагдсан түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.
Ерөнхий сайдын танилцуулга, хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын асуултад Засгийн газрын холбогдох гишүүд хариулт өгснөөр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
Оллоо.мн