Б.Лааган: Энэ бидний ч ялалт юм шүү
Энэ өдрийг ямар өдөр вэ гэж залуучуудаас асуухаар мэдэх хүн цөөн болж.”Ялалтын баяр шүү дээ” гэвэл “Аан Орос Герман хоёр байлдаад нэг нь ялсан бил үү?” гэх. Зарим нэг хүний ярьж байгаагаар Орос Германд ялагдаад дэлхий даяар капитализмд шилжсэн бол сайхан гэх. Монголчууд Оросыг юугаа хийгээд дэмжиж байсан юм бэ ч гэх шиг, Гитлер ялсан бол Монгол өнөөдөр илүү хөгжих байсан юм гэнэ. Түүх, бүр нарийчилбал архив гэгч байхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил болно гэдэг яриа оргүй биш гэдгийг ч энэ батлах шиг. Гитлер Оросыг эзэлсний дараа Монголыг хэрхэх тухай төлөвлөгөөтэй байсан гэдгийг хэд нь мэдэх? Гитлер “Энэ үндэстэн нэгэнт өөрийн эрч хүчээ барсан тул цаашид амьдрах эрхгүй, бидэнд монголчууд хэрэггүй” гэж хэлж байсан тухай эх сурвалжууд ч дурдаж байна. Хэрэггүй болсон монголчуудын газар нутгийг Берлин ба Токио хоорондын тохиролцоогоор ямар үндэстэн эзлэх ёстой байсныг одоо таах л үлдэж.
Тэгэхээр хэрэв бид Дэлхийн хоёрдугаар дайн, бүр тодруулбал Аугаа их Эх орны дайнд оросуудыг дэмжээгүй бол ямар хувь тавилантай тулгарах байсан бол. Ингэхэд бид ямар их хэмжээний тусламж үзүүлснийг өнөөдөр мэдэж байгаа хүн хэд байна? Тухайн үед 800 мянга дөнгөж хүрч байсан хүн амтай тусгаар Монгол улс Зөвлөлт рүү нацист Германы цэрэг дайрсан тухай мэдээ авмагц Зөвлөлтийн талд дэмжлэг үзүүлнэ гэдгээ хамгийн түрүүн мэдэгдэж дайн эхэлсэн зургадугаар сарын 22-нд бүх талаар туслалцаа үзүүлэхээ мэдэгдэж байв. Өнөөдрийн Улаанбаатарын тал хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1941 оны аравдугаар сар гэхэд Зөвлөлтийн армид зориулан 15 мянган өвлийн хувцас гэх мэтээр 1,8 сая төгрөгийн бараа явуулж байсныг өнөөдөр санаж байгаа хүн хэд байна? Өнөөдрийн ханшаар л сая төгрөг гэдэг инээдэмтэй санагдаж байж болох. Тухайн үед идэшний шарын үнэ 40 төгрөг байсан гэхээр танд ямар сэтгэгдэл төрж байна.
Хоёр сая ам.долларын хандив цуглуулан нисэх онгоцны эскадриль, танкийн бригад үйлдвэрлэх мөнгийг шилжүүлж байлаа. Энэ бүхэн ямар шаардлагатай юм бэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хариулт тун энгийн бас хатуу. Энэ бүхэн манай эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ юм.
Монголын ард түмэн фашист Германы эсрэг дайнд биечлэн оролцож байсан гэдгийг онцгой хэлэх хэрэгтэй. Зөвлөлтөд суралцаж байсан хэдэн зуун оюутан бүгд л аймшигт дайсны эсрэг чадах ядахаараа тэмцэж байсан юм шүү. Тиймээс фашист Германыг дэлхий нийтээр 1945 онд ялахад Зөвлөлтийн арми төдийгүй Америк, Их Британи, Франц гээд их гүрнүүдийн цэрэг армид монгол цэрэг хүч нэмж байсан гэдгийг мартах ёсгүй. Тиймээс бид тавдугаар сарын 9-ний Ялалтын баярыг “Энэ бас бидний баяр юм шүү” гэж хэлэх бүрэн эрхтэй ард түмэн.
Дэлхийн 150 гаруй улс оролцож, зөвхөн байлдаж байсан хүний тоо нь 100 саяыг давсан, 50 сая гаруй хүн амь үрэгдсэн гэдгийг тоолж гаргасан гэхээр тухайн үед дөнгөж 800 мянган хүнтэй Монголоос өгсөн тусламж дэмжлэг багагүй хувь нэмэр оруулсан нь гарцаагүй. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Тэгээд ч бид яаж тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө Оросуудад туслаж байсныг гэрчлэх хүмүүс бий. Тэдний нэг нь Биньягийн Лааган гуай юм. Өдгөө 93 насыг зооглоод байгаа энэ ахмад дайчин эрхэмтэй бид уулзан зарим зүйлийг тодруулснаа танд хүргэе.
-Сайн байна уу. Танд Ялалтын баярын мэнд хүргэе. Та манай сонины уншигчдад тэр аймшигтай дайны талаарх дурсамжаа хуваалцана уу. Өдгөө залуучууд, хүүхдүүд энэ тухай бараг л мэдэхгүй болж?
-1941 оны тавдугаар сарын 15-нд Улаанбаатараас вагонаар хөдлөөд зургадугаар сарын 22-нд яг Москвад, Ярославын вокзал дээр би бууж байсан юм. Яг тэр өдөр аймшигт дайн эхэлсэн шүү дээ. Тэгээд машинаар Тамбов гэдэг хотод, цэргийн сургуульдаа ирж сурч байгаад Саратов руу 500 км алхаж очсон түүх бий.
-Дайн эхэлсэн гэдэг мэдээ улс даяар түгсэн үед таныг Орос улс ямар байдалтай угтсан бэ?
-Оросууд уг нь, дайныг мэдэж байсан байх.Дайн эхэллээ гэнгүүт залуус үсээ хусуулаад шууд томилогдсон цэргийн анги дээрээ очиж байсан. Бид үүнийг нь харж байлаа. Энэ үед Манай элчин сайд Самбуу гуай байлаа. Самбуу гуай биднийг элчин дээрээ хүлээж аваад нэг хонуулаад Тамбов руу явуулсан. Манай улс чадлынхаа хэмжээгээр тусалсан юм шүү. Үүнийг бид мартах ёсгүй. Тусламжийг Бумцэнд гуай өөрийн биеэр хүргэж байсан тухай залуучууд уншсан байх.
-Тэгээд та дайн эхэлсэн өдөр Оросын нийслэлд хөл тавиад ямар бодол төрж байв? Айсан уу?
-Үгүй ээ, айгаагүй. Дайн эхлэхээр Рэнцэн хурандаа гэж дээд курсийн хүн маань ирж “Дайн эхэллээ. Та нар сургуульдаа сайн сураад эх орондоо очих хэрэгтэй” гэсэн.
-Хамт явж байсан хүмүүс чинь бөмбөгдөлт, буудлагад өртөж байв уу?
-Дайн эхлэхэд Тамбовт тайван байсан. Гэвч удалгүй бөмбөгдөөд эхэлсэн. Бид “оков” /окоп буюу шуудай/ -т хоноод өдөрт нь зэвсэг засч байлаа. Хоол унд ерөнхийдөө гайгүй байснаа сүүлдээ хоногийн хоол гэж ёотонгоос арай том хэмжээний булочка өгдөг болсон. Хоногийн хоол шүү дээ хүү минь.Тэгж байгаад дайнд явахаар юун хоол манатай. Учир нь, том гол мөрөнг гатлах боломжгүй. Бидний хувьд голд сэлэх байтугай орж ч чадахгүй. Орос цэргүүд л биднийг нэг нэгээр нь голоор гаргаж өгдөг байлаа.
-Та бүхэн хэдий хугацаанд бөмбөгдөлтөнд өртсөн юм бэ?
-Өдөр шөнөгүй бөмбөгдүүлсэн. Хоёр жил тасралтгүй бөмбөгдсөн. Сүүлд нь айхаа ч больсон. Бид ч чөлөөтэй гарч, орж л байдаг болсон. Бөмбөгний хэлтэрхий миний нэг нүдэнд ороод эмнэлэгт хэвтээд орос эмч нараар авахуулсан.
-Улаан арми маань тэр үед ямар байдалтай байв аа. 1941,1942 он бол хамгийн хэцүү үе.
-Хамгийн хүнд нь 1942 он. ЗХУ улс хутганы ирэн дээр байлаа гэж оросууд хэлдэг. Аль ч тал руу нь унаж магадгүй үе шүү гэж комиссарууд бидэнд ярьдаг байсан.
-Та тэгээд германчуудтай буудалцаж байв уу?
-Буудсаан. Гэхдээ их буу чинь холоос бууддаг болохоор яг дайны үеэр нүүр тулж байгаагүй.
-Таны Тамбовын их бууны сургууль төгссөн аттестат дээр Лааган биш Ларин гэсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ. Монгол сонсогчдыг нууцалдаг байсан юм уу?
-Бүгд орос нэртэй. Юун нууцлах байх вэ дээ. Оросууд хэлж чадахгүй учраас л өөрчилдөг байсан юм. Лааган гэж оросууд хэлж чадахгүй учраас Ларин гэж дууддаг байлаа. Салааны даргаас дээшээ бүгд Орос хүн байна шүү дээ.
-Та гэхдээ герман цэргийг харж байв уу?
-Харалгүй яахав. Бууж өгсөн бүтэн ангийг манай хотоор /Тамбов хот/ туугаад явж байлаа. Нүдээ, толгойгоо боочихсон ядарсан зүдэрсэн, германчуудыг туугаад явж байлаа. Бид үүргээ гүйцэтгээд л байж байлаа.
-Та фронт дээр яг ямар үүрэг гүйцэтгэж байв?
-Бидний үүрэг юу вэ гэхээр фронтод, тулаанд эвдэрсэн винтов, “пулемёт”, их бууг засна. Бүгд нормтой. Жишээ нь, би гэхэд бараг 1000 гаруй винтов засаад фронтод илгээсэн. Хүн бүхэн л тийм үүрэгтэй. Машинаар ачиж ирээд л буулгана. Ийм л байдалтай байлаа. Бүрэн зэвсэгтэй 27 монгол хүн байсан. Бууг засна гэдэг маш чухал үүрэгтэй юм шүү. Одоо залуучууд ойлгохгүй байж магадгүй.
-Орос, монголоос гадна ямар үндэстэн байв?
-Оросын буриад, монголчууд гээд ер нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүх улс үндэстэн байсан. Бидэнд эхлээд гадаадын хүн гээд жаахан өөр ханддаг байснаа дайн эхлээд хүнд болоод эхлэнгүүт хамтдаа тэмцэж буй дайчин нөхөд л гэх болсон.
-Дайн байлдаан гэхээр хүмүүс тэр бүр сайн төсөөлдөггүй. Кинонд гардаг шиг л хурдан өнгөрдөг гэж боддог. Бодит байдал дээр юу болж байв?
-Нуувчинд буугаа бариад буудахад бэлэн дээш өргөөд шинелиэ нөмрөөд л хононо шүү дээ. Өдөр бол гайгүй байснаа яг нар шингээд ирэхээр л Германы онгоц бөмбөгдөж эхэлнэ. Тэгээд бөмбөгдөөд дуусахаар нь бид нуувчнаас гараад буу засах ажилдаа орно.
-Одоо бодит жишээ байхгүй бол хүн итгэхгүй дээ?
-Саратоваас гараад манай анги өөр газар байрласан юм. Бид чинь ойд л хононо. Тэгж явахдаа хоолгүй хоноод ус л уугаад явна. Заримдаа тосгон таарна. 40-50 км явж байгаад таарна. Тосгонд нь хүүхэд авгай, эмгэн голдуу л байна. Нөхөр, хүүхдүүд нь дандаа фронт руу явчихсан.
Тэгээд нэг удаа 40 км орчим алхаж байгаад нэг айлд буулаа. Хоёр хүүхэд нь хоёулаа фронтод явсан орос авгай байсан. Намайг хараад “Миний хүүхдээс ялгаа юу байх вэ?” гээд төмс чанаад, өргөст хэмх тавиад биднийг хооллосон. Ядарч явсан хүнд ямар сайхан хоол байсан гээч. Одоо ч санаанд орно. Биднийг гурав гурваар нь нэг айлд оруулсан. Тэгээд би усанд явлаа. Голын хөвөөнд чацаргана ургаж байна. Аваад идсэн их сайхан байлаа. Ядарсан хүнд их сайхан хоол болдог байна гэдгийг тэгэхэд мэдсэн шүү. Үнэндээ зарим айлд нь идэж уух ч юм байгаагүй юм.
-Ер нь их хүнд байж дээ?
-1942 оны үед хамгийн хүнд байлаа. Айлууд жаахан тариа хураадаг. Гэвч үйлдвэрт тэрийгээ шилжүүлээд өөртөө багахан юм үлдэнэ. Зоорьтой зарим нэг айлд төмс хадгална. Өөр юу ч үгүй. Мал байхгүй, мах байхгүй. Юу ч байхгүй. Давс л харагдана даа. Хөндий хоосон л байсан.
-Гадаадын сурагч, курсант гээд цалин гэж өгдөг байсан уу. Хэдэн рубль авч байсан бэ?
-Одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр хэцүү үе ч гэлээ өгдөг байсан юм шүү. Тэгээд мөнгө авлаа гээд яах вэ дээ. Дэлгүүрээс авах юм байхгүй. Орохоор ганц давс л харагддаг байсан юм.
-Та бөмбөгдөлтөд олон удаа оролцсоноо ярилаа. Ер нь ямар юм байдаг юм бэ? Хэр айж цочирддог байв?
-Бөмбөгдөлтийн үед тэгнэ ингэнэ гэж заадаг байсан болохоор айж байгаагүй ээ. Шөнө харанхуй болохоор тэр бүр биднийг онохгүй. Айлаа гээд яах ч арга байхгүй. Айгаад хаа холдох билээ. Харих арга байхгүй, явах аргагүй. Тэгэхээр цэргийнхээ команданд л явах ёстой. Бидний дундаас харин хоёр хүн ор сураггүй алга болсон, хөөрхий. Хоёр хүн замдаа нас барсан. Бөмбөгдөлтийн үед нас барсан байх. Нэг нь Жимбээ гэж Ховд аймгийн хүн байсан.Нөгөө нь Галсандорж гэж манай тасгийн дарга. Сүрхий сайн хүн байсан. Лувсандондов, Арвинбуян гээд байсаан. Ингэхэд хөөе бүгдийн нэр нь бий шүү. Зураг нь харин байхгүй. Хамгийн сүүлд Лувсандондов гээд Дорнодын хүн. Сүүлд Хэнтийд уяач болсон юмдаг. Манайд ирээд бид уулзсаан хөөрхий.
-Та залуу үедээ хандаад юу хэлэх вэ?
-Ямар ч байсан энэ ялалт чинь бас биднийх юм шүү. Бид фашист Германыг ялахад хувь нэмрээ оруулсан гэдгийг мартаж болохгүй. Дахиж дайн битгий болоосой гэж боддог. Харин сонирхолтой түүх ярихад би Орост Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академи дүүргээд нутагтаа ирж Хөдөө аж ахуйн сургуульд багшилдаг байлаа. Тэгээд социйн үе болохоор хурал дээр намайг эх орны дайнд оролцож байсан гээд ярилаа. Тэгсэн Хөдөө аж ахуйд нэг орос багш бас нэг герман багш байж таарсан. Хоёулаа дайнд байлдаж байсан. Тэгээд хурал дээрээс намайг дайны ахмад дайчин гэж мэдээд, уулзаад гурвуулаа ярьж суулаа.
Герман багш нь Сталинградын дайнд байлдаж яваад шархдаж, өрөөсөн нүд нь гэмтсэн хүн байсан. Орос нь Сталинградад түүний эсрэг талд байлдаж явсан хүн болж таарсан. Тэгээд орос, монгол хоёр ахмад дайчин германы ахмад дайчинтай ярьж суугаад “За за ямар ч байсан бие биенээ буудаж оноогүй л юм байна” гээд инээлдээд салсан юм даа. Энэ ялалт бас бидний ялалт юм шүү гэдгийг хүүхдүүд минь мартах ёсгүй.
Эх сурвалж: www.assa.mn