З.Энхболд: Мод тарих ажлыг бүх нийтийн үйлс болгон идэвхтэй өрнүүлэх шаардлагатай
Бүх нийтээр мод тарих өдрөөр ойжуулах, байгаль дэлхийг ногооруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулахаар энд цугласан, мөн орон даяар энэ хөдөлгөөнд нэгдэн ажиллаж байгаа нийт иргэд, байгууллагуудад талархал илэрхийлье.
Манай улс ой модны нөөц багатай, цөлжилт идэвхжиж байгаа орны тоонд ордог. Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 8.3 хувийг ойн сан эзэлдэг гэсэн тоо байгаа ч жил ирэх бүр багасаж байна. Цөлжилт нийт нутгийн 60 хувийг хамарч байгаа төдийгүй цаашид өсч 90 хувьд ч хүрч болзошгүйг судлаачид анхааруулж байна.
Тиймээс бид мод тарих ажлыг бүх нийтийн үйлс болгон идэвхтэй өрнүүлэх зайлшгүй шаардлагатай. 2010 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш иргэд, байгууллагууд мод тарих ажлыг жил бүр идэвхтэй өрнүүлж байгаа ч ойжуулах ажлын үр дүн нүдэнд харагдахуйц хэмжээнд хүрч чадаагүй хэвээр байна. Мод тарих, арчлан ургуулах талаарх арга туршлага, менежментийн чадавхи сул байгаа нь үүний нэг шалтгаан болж байна.
Мод тарих ажлыг тасралтгүй явуулж байгаа Сэрдарам багштай “Миний клуб” нэртэй оюутан залуучуудын онлайн клубт талархал илэрхийлье. Оюутнууд ийнхүү байгаль дэлхийгээ хамгаалахын төлөөх сайн дурын хөдөлгөөнд нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тэдний хүмүүжил, төлөвшилд онцгой чухал ач холбогдолтой юм. Бүх шатны сургуулийн сурагч, оюутнууд байгаль эхээ хайрлах, мод тарих хөдөлгөөнд идэвхтэй хамрагдан бодитой хувь нэмэр оруулдаг болох нь зүйтэй.
Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс. Ойжуулах ажлыг амжилттай явуулж томоохон амжилтад хүрсэн Израйль, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсын туршлагыг бид судалж суралцах шаардлагатай. Мод тарих, ойжуулах ажлыг инноваци болгон хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд төрөөс дэмжин бүх нийтийн үйлс болгон түгээн дэлгэрүүлэхийг онцгойлон анхаарч эдийн засгийн механизмуудыг боловсруулан хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах шаардлага байна.
Бидний тарьсан мод хэдэн тэрбумаар тоологдохуйц болж эх болсон тал нутаг маань өвч бүрэн ногоон хүрэмтэй болох болтугай.