Н.Удвал сайд аа, дөнгөж төрсөн нярайн гарыг хугалж амийг нь егүүтгэчихлээ
Н.Удвал сайдаа энхийн манаанд зогсдог гэх эрлэгийн элч нарын чинь буруутай үйлдлээс болж хорвоод төрж буй бяцхан үрс ээлж дараалан эндэх боллоо.
Өөрөөр хэлбэл эмч нар ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас ширхэг будаа зүүний үзүүр дээр тогтосон лугаа адил хүмүүн заяаг олж төрсөн нялх үрс ийнхүү эндэж байна.
Ийн хэлэхийн учир нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 06-нд төрсөн нярайгийн гар нь хугарсны улмаас амь нас нь энджээ. Тус эмнэлэгт амаржихаар очсон Б гэх эмэгтэй таван кг жинтэй хүү төрүүлжээ. Уг нь түүнийг төрөх үед ар гэрийнхэн нь болон өөрөө кесерво хагалгаа хийлгэе гэх хүсэлтийг удаа дараа эмчлэгч эмч болон эх баригчдаа тавьжээ. Гэтэл тэд “Чи өөрөөрөө төрөх боломжтой” хэмээсээр өөрөөр нь төрүүлж хүүхдийг нь хүчээр татаж гаргах явцдаа гарыг нь хугалж, гэмтээсэн аж.
Тиймээс Б-гийн ар гэрийнхэн ийм том ургийг өөрөөр нь төрүүлж нярайн аминд хүрсэн гэж үзэж хариуцлага алдсан эмч нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан байна. Ер нь сүүлийн үед эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж эх болон нярайн эндэгдэл газар авсаар байгаа.
Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн эмч, сувилагч нар ажилдаа хариуцлагагүй хандаж, дөнгөж төрсөн нярайн биеийг халуун усаар түлсэн хэрэг гарч байсан. Тэд нярайг түлчихээд хоёр цаг гаруй ямар ч эмчилгээ хийгээгүй хэрнээ бид энэ хэрэгт ямар ч буруугүй хэмээн мэлзэж байсан.
Иймэрхүү жигшил, зэвүүцэл төрүүлсэн хэргүүд ар араасаа цуварч эхэлснээр “Энхийн манаанд зогсдог” эмч нар маань эрлэгийн элч мэт санагдах болсныг нуух юун. Энэ мэт эмчийн тангарагаа умартсан хэнэггүй нөхөд эрүүл мэндийн салбарт хэдий болтол хүний амь насаар тоглосоор байх вэ.
Өвдөж зовсон хэнбугай ч, өмнө нь царайчилж зогсох ёстой гэж ойлгодог эмч нарын хатуу сэтгэл, авлигад идэгдсэн арчаагүй байдалд цэг тавих цаг нь болсон гэдгийг ард түмэн Эрүүл мэндийн сайдад дуулгасаар байгаа.
Энэ хэргийн талаар сурвалжлан хүргэх болно.
Өглөөний сонин
Р.Саруул