“Цэвэр агаар сан”-гийнхны идэж уусан мөнгө таван тэрбумаас их
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж энэ хэрээр тэрбум тэрбумаар нь хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэвч агаарын бохирдол буурах нь бүү хэл жил ирэх бүр нэмэгдэх болсон. Чухам юунаас болоод мөнгө зарцуулах тусам утаа өсөөд байсан нь олны гайхширлыг төрүүлдэг. Тэгвэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөнгө авсан албан тушаалтнуудтай холбоотой байсан нь эхнээсээ батлагдаж байна. Тодруулбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Цэвэр агаар сан”-гийн мөнгийг хариуцсан албан тушаалтан нь өөрийнхөө доогуур албаныхантайгаа нийлж завшдаг нь нэгэнт тодорхой болсон билээ. Тэд хийсэн хэрэгтээ ялаа үүрч байгаа.
Гэхдээ тэдний идэж уусан мөнгө таван тэрбум төгрөгөөр тогтохгүй гэдэг нь бараг тодорхой болж байгаа аж. Учир нь “Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой Н.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс сангийн мөнгийг илүү хэмжээгээр хувийн компаниудад шилжүүлээд буцааж оруулалгүй хувьдаа авдаг байсан байж болзошгүй хэргийг АТГ-ынхан илрүүлэн шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллага энэ хэргийн талаар нууцалж байгаа аж. 2012 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах “УС-15” орчмыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох ажлыг гүйцэтгэхээр “Набсон” хэмээх компани шалгарчээ.
Ингээд тус компанид хийх ажлынх нь мөнгийг шилжүүлэхдээ техникийн хяналт тавих төсвийн хөрөнгийг хамтад нь шилжүүлсэн байна. Ингээд хоёр хоногийн дараа техникийн хяналт тавих мөнгийг хамтад нь шилжүүлсэн тул буцааж бэлнээр олгоно уу хэмээгээд мөнгийг бэлнээр гаргуулж авсан аж. Хэрэг явдал эндээс эхлэлтэй. Учир нь техникийн хяналт тавих компани хуулийн дагуу бол өөр компани байх ёстой гэтэл “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх гарын үсэг зурж нягтлан Н.Хулан гүйлгээг хийж гаргасан байна.
Одоогоор энэхүү Набсан хэмээх компаниас бэлнээр гаргуулж авсан мөнгөө хэрхэн зарцуулсаныг хууль хяналтынхан шалгаж байгаа аж. Ийм үйлдэл хэд хэд давтагдсан байж болзошгүй гэнэ. Тэгэхээр “Цэвэр агаар сан”-гийнхны улсын хөрөнгийг идэж уусан хэмжээ таван тэрбумаас их байх нь ойлгомжтой байна.