Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл үүргээ гүйцэтгэх үү

 

Өнгөрсөн лхагва гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Засгийн газраас улс орны эдийн засгийн байдлыг идэвхжүүлэх тогтоолын төслийг яаралтай баталж хэрэгжүүлэхээр өргөн барьсан нь ийнхүү өнгөрсөн долоо хоногт батлагдсан юм.

Уг нь бол 2008-2009 онд хямралын үед хамтарсан Засгийн газар ажиллах байхад   хямралыг хэрхэн давах вэ гэдэг томоохон төлөвлөгөө гаргаад УИХ-аар батлуулж, хэрэгжүүлээд маш богино хугацаанд үр дүнг нь үзэж байсан туршлага бий. Харин энэ удаад дээрх тогтоолын төсөл үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь яамдын сайд нар нь зөрүүтэй байр суурь илэрхийлж,  сөрөг хүчний гишүүдийн зүгээс дээрх Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг “шоу” хэмээн үзэж байгаагаа хэлээд байгаа.

Тэгвэл энэхүү Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоол  нийтдээ 26 заалтаас бүрдэж байгаа бөгөөд  18 заалт нь санхүү эдийн засгийн хүндрэлээс гарах тухай бол үлдсэн найман заалтад төрийн өмчийн удирдлага, менежментийн  тогтолцоог өөрчлөх талаар тусгасан байна. Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд Төсвийн тодотгол хийж урсгал зардлыг 20 хувиар бууруулах аж. Мөн хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг дангаараа эзэлдэг Ашигт малтмалын тухайн хууль батлагдвал хайгуулын үйл ажиллагаа сэргэж, жилд олдог 300-400 сая төгрөгийн орлого  1 тэрбум төгрөгт хүргэх, мөн түүнчлэн маргаантай 300 гаруй лицензийн асуудлыг хөндсөн байгаа аж. Энэ асуудал шийдэгдвэл орлогын гол  эх үүсвэр болсон нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа ажээ.

Мөн эдийн засгийг аврах амин сүнс нь өрийн удирдлагын тухай хууль гэнэ. Үүнээс гадна жижиг аж ахуй нэгжүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжиж ажиллана. Ингэхдээ аж ахуйн  нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олголт хийнэ гэсэн юм.

Үүн дээр аж ахуй нэгжүүдийн улирал тутамд гаргадаг тайланг жилд нэг удаа гаргадаг байхаар болсонтой уялдуулан татварын орчинг сайжруулахаас гадна эрчим хүчний үнийг чөлөөлж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэнэ. Нийслэл хотод нийт айл өрхийн 64 хувь нь 150 кв/цаг доторх хэрэглээтэй бөгөөд энэ хэмжээнээс дээш хэрэглээтэй аж ахуйн нэгж, төрийн болоод бизнесийн байгууллагуудын цахилгааны төлбөрийг хөнгөлөх юм байна. Мөн аж ахуй нэгж, байгууллагад  давхардсан   хяналт, шалгалтыг олноор хийдэг нь авилга бий болгох, ёс зүйн зохисгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж үзээд тэдгээр шалгалтын тоог  цөөрүүлэхээр болсон байна. Тэд тогтоолын төслийн хүрээнд ингэж хямралаас гарна.

Харин сөрөг хүчний зарим гишүүд “Эрх баригчдад “Бид ийм зүйл дээр алдлаа” гээд хэлчих эр зориг дутаж байна. Нөгөөтэйгүүр намын болон энэ Засгийн газрын эрх ашиг гэх мэт жижигхэн зүйл л бодоод байна. Гэтэл цаана нь улс эх орны том эрх ашиг хаягдчихаад байна шүү дээ. Энэ бүхнээс харахад туршлага, төр барих ухаан дутаад байна уу л гэж харж байна” гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Гэхдээ нэгэнт батлагдсан тогтоолын төсөл хэрхэн үүргээ гүйцэтгэх вэ гэдэг л асуудал болж байна. Тэгэхээр өнгөрсөн долоо тогтоолын төсөл батлагдсан өдрөөс эхлэн тоолж эхэлвэл Эдийн засгийн аврахад 96 хоног үлдсэн гэсэн үг.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button