УИХ-ын гишүүн асан Д.Дондог залилангийн хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар явна
Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүн шоронд ордоггүй гэх явган яриа гарсаар удаж байгаа. Амьдралд тохиолдож байдаг болоод л эл явган яриа гарсан нь мэдээж бодит үнэн. Тухайлбал улсад өчнөөн сая төгрөгийн хохирол учруулсан, эрх мэдэлтэй хүмүүс, тэдний үр хүүхэд ямар нэгэн ноцтой гэмт хэрэгт холбогдлоо гэхэд мөнгөөр бүхнийг шийдэж ялгүй шахам мултардаг. Яг үүний нэг жишээ нь УИХ- ын гишүүн асан Д.Дондог гэгч эрхэм.
Тэрбээр өнгөрсөн 2008 оны сонгуулиар албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан гэх хэргээр шийтгүүлэх байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй хэргийг нь дахин «Мөрдөн байцаалтад буцах шаардлагатай» гэсээр өнөөдрийг хүрсэн билээ. Уг хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид хэрэгт холбогдолтой бүхий л зүйлийг нотлох баримтаар цуглуулж Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байдаг. Эл хэрэг эхлээд Нийслэлийн шүүхэд харьяалал тогтоолгохоор очоод ийнхүү Сүхбаатар дүүргийн шүүхэд буцаж ирсэн нь энэ аж. Ямартай ч Д.Дондогт холбогдох хэрэг хоёр дахь удаагаа шүүхээс буцаад байна.
Товчхондоо тэрбээр бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа гэсэн үг. Тодруулбал түүнийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж буй юм. Анх түүнд 2009 оны наймдугаар сарын 28-нд эрүүгиин хэрэг үүсгэсэн боловч УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдгээр хаа- цайлуулсаар өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Үүний улмаас бусдад онц их хэмжээний буюу таван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан, олон яллагдагчтай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг алхам тутамд нь зогсоож шүүхэд хүртэл нөлөөлөх боллоо гэж хохирогчид үзэж буй юм.
Тэгээд ч Д.Дондогийг УИХ-ын гишүүн байхад нь энэхүү хэргийн талаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-д хаягласан албан бичиг хүртэл илгээж байсан. Тухайлбал Д.Дондог 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран «Барилга барих газар олж өгнө» хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа. Гэхдээ уг хэргийг АТГ, УМБГ-т шалгаагүйн учир нь дагдаагийн ажилтан холбогдсонтой холбоотой гэнэ.
Тодруулбал Д.Дондог УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын «А» зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан «Меритон» компанийн удирдлагад «Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна» гэж хэлжээ. Улмаар тус компаниас «Сум бар» ХХК-ийн А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан аж. «Меритон» компаниас нэг сая гаруй доллар авч, 300 мянган ам.доллар, 400 сая төгрөгийг нь Д.Сайнбаяр авч Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан гэнэ. Гэвч нөгөө газар нь бүтэхгүй болсон учраас «Меритон» компанийнхан хохирлоо олж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна. Энэ дунд ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан эрүүгийн төлөөлөгч Б.Ариунболд болон өөр нэг ажилтан холбогдон албан тушаалын байдлаа урвуулж, авлига авсан, хүн дарамталсан гэм буруутайд тооцогдоод буй гэсэн юм. Харин гишүүн асан Д.Дондог уг хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээдэг юм. Уг нь Д.Дондогийн энэхүү хэрэг маш олон гэрчтэй төдийгүй гэрчүүдийн мэдүүлэг ч мөрдөн байцаалтын явцад үнэн гэдэг нь тогтоогдсон юм.
Товчхондоо хууль батлалцаж явсан эл эрхмийг «Онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн. Энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан» гэх үндэслэлээр буруутгаж буй нь хөдөлшгүй баримт гэдэг. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох юм. Ийнхүү экс гишүүн Д.Дондогт холбогдох хэрэг шийдэгдэхгүй явсаар нэг л мэдэхэд замхарч алга болох вий.
Мөн түүнийг хариуцлага хүлээлгүйгээр, ялаас мултрах аргыг эртнээс хайж, хуулийнхантай холбоо сүлбээ тогтоон, арга сүвэгчилж эхэлсэн гэж хардах хүмүүс олон байгаа. Харин хуулийн байгууллага ямар шийдвэр гаргахыг олон нийт хүлээж байна.
Өглөөний сонин
Р.Саруул