Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх оргон зайлсан нь үнэн үү
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас шалгах болсон талаар зарим эх сурвалжууд мэдээлэх болсон. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэв.
Мөн АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц гадаадад гарсан гэдгийг хуулийнхан мэдэгдсэн байна. Энэ хэрэгт Л.Гансүхийн охин "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Г.Цэрэнжагзанг ч татан шалгаж байгаа гэлээ. Ямартай ч Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монголд байхгүй гэдгийг албаныхан баталж байгаа юм. Үүнээс шалтгаалан мөрдөн байцаалтаас оргон зайлсан байж магадгүй гэх тайлбар хийгдсэн болов уу.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Л.Гансүх гадагшаа эмчилгээнд явсан
Засгийн газрын хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад “Л.Гансүх одоогоор ажилдаа ирээгүй байна. Гадаадад эмчилгээ хийлгэж байгаа” гэж хариуллаа. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдаан дээр баталлаа.
Тодруулбал тэрээр “Л.Гансүхийн тухайд гадагшаа эмчилгээнд явсан. Өнгөрсөн жилийн турш Н.Алтанхуягаар оролдсон, энэ жил зөвлөх рүү орж байна. Уг нь бол нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрч байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож бууруулсан. Энэ чинь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн. Засгийн газраас хийж байгаа бүх юмыг муухай, эсвэл Н.Алтанхуягийн хавь ойрынхон иддэг гэдэг хэл аманд оруулж байна. зөвлөх н.Батмөнхийг байцаагаад таньдаг компанидаа тендэр олгосон гээд баахан шуугиулсан. Засгийн газар уг нь мөнгө идэхийн тулд биш ард түмнийхээ төлөө л ажиллаад байгаа юм шүү дээ. Авлигатай тэмцэх газартай холбоотой холбоотой хоёр өгүүлбэр хэлсэн. Юм л бол “Цагдана хорино” гэж айлгадаг. Цагдаагийн байгууллагад би “Аж ахуйн нэгжийг шалга” гэж хэлээгүй. Гэтэл ийм схем яваад байна. Болохгүй шүү дээ” гэлээ.
Л.Гансүх: Юун оргон зайлах вэ. Зүгээр байгаа хүнийг ингэж гүтгэж болохгүй
Дээрх зөрчилтэй хоёр мэдээллийн дараа хэвлэлүүд Л.Гансүхийг эрэн сурвалжилж эхэлсэн. Үүний үр дүнд түүнийг БНСУ-д хөлний ясны хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгааг мэдэв.
Харин тэрээр АТГ-аас шалгаж байгаа гэх ямар ч мэдэгдэл ирээгүй. Эсвэл хууль байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаа эсэхээ хэвлэлээр цацдаг болсон юм уу гэж тайлбарлав. Мөн худал мэдээлэл тараасан асуудлыг Монголд ирээд шийдвэрлэнэ. Би шудрага бус юм хийдэггүй. Хийх ч үгүй. Гүтгэж доромжилмоор байвал намайг л оролд. Миний гэр бүл, үр хүүхдүүдийг минь тайван байлга. Нэг юмыг хатуу хэлье. Энэ увайгүй үйлдэлтэй хатуу тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.
Хэнийх нь үнэн бэ?
АТГ-аас Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж байгаа юу гэдэгт албан ёсны тайлбар хэрэгтэй болж байна. Эсвэл хуулийн байгууллага аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү үүсгэн шалгаж байгаагаа мэдэгддэг болсон уу. Нөгөө талаас хуулийн байгууллага шалгах ёстой асуудал мундахгүй байгаа. Үүний дагуу ажлаа хийх гэтэл төрийн өндөр албан тушаалтан нэрээр халхавчлан дарамтлах, мөрдөн байцаалтаас зайлсхийх явдал цөөнгүй байдаг. Гэхдээ яг хэнийх нь үнэн бэ?
Л.Тамир
Оллоо.мн