МИАТ шинэ онгоц, “төмөр зам” ухаалаг галт тэрэгтэй боллоо
Манай улс агаарын тээврийн салбарт олон улсад өрсөлдөхүйц Боинг 737-800 шинэ онгоц, төмөр замын салбарт электрон системээр бүрэн тоноглогдсон ухаалаг галт тэргээр хүч нэмлээ. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын Боинг үйлдвэрт захиалан хийлгэсэн шинэ онгоцоо эх орондоо авчирлаа.
Ерөнхийлөгч 2011 онд АНУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин өнгөрсөн жил Б767-300 онгоц авсан бол энэ жил Боинг 737-800 онгоцыг 12 жилийн хугацаатайгаар түрээсээр авч байгаа юм. Нислэгийн багийнхан үйлдвэрээс нь очиж авчирсан “Гүюг хаан” онгоц нь зорчигчийн 162, бизнес зэрэглэлийн 12 суудалтай юм. Мөн Монгол болон холливудын шилдэг кино, дэлхийн дуу хөгжмийн алдартай цомгуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар үзэх “inflight Entertainment” системтэй аж. Боинг компаниас хамгийн сүүлд гаргасан цэнхэр өнгийн лед гэрлийн “Sky interior” дотоод засалтай учраас зорчигчдын ая тухыг дээд зэргээр хангана гэнэ. Олон улсын хамгийн шилдэг онгоцуудын нэг Боинг 737-800 онгоц нь тасралтгүй арван цаг нислэг үйлдэх хүчин чадалтай нь бусад онгоцуудаас харьцангуй олон цаг нислэг үйлдэж байгаа гэнэ. Харин түрээсийн хувьд сард 400-гаад мянган ам.доллар төлөх юм байна.
МИАТ компани нь одоогийн байдлаар Боинг 737-800 болон Боинг 767-300 загварын хоёр онгоцоор Улаанбаатар-Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин рүү шууд, Сингапур, Хайнань, Чежү, Нагоя, Ояката, Фукуока руу дамжин нислэг үйлддэг юм. Тус компани нь 2016 онд дахин хоёр Боинг 737-800 онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ үеэр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “Онгоцыг үйлдвэр дээрээс нь авсан авиа компаниуд цөөхөн байдаг.Шинэ онгоцтой болсноор олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Зорчигчдын ая тухтай аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байна. Үйл ажиллагаа өргөжиж, ашиг нэмэгдэнэ. Энэ онгоцыг авснаар МИАТ компанийн парк шинэчлэл бараг 100 хувь бүрэн шинэчлэгдэж байгаа” гэв. Боинг 737-800 агаарын хөлөг нь 39.5 метр урттай, 12.5 метр өндөр, 19400 килограммын даацтай. Харин ачаа бүхий нислэгийн үргэлжлэл 5400 километр бол шулуунаараа 850 километр цаг нисэх хүчин чадалтай аж.
Мөн энэ өдрүүдэд “Улаанбаатар төмөр зам” техникийн шинэчлэлээ шинэ галт тэргээр эхлүүллээ. ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрээс 15 суудлын вагон авчирч ирэх сарын эхээр үйлчилгээнд явуулахаар боллоо. Электрон системээр бүрэн тоноглогдсон энэхүү гал тэргийг Монгол болон ОХУ-ын Засгийн газар харилцан тохиролцсоны үндсэн дээр авчирчээ. Ингэхдээ 125 сая ам.долларыг ОХУ, 125 сая ам.долларыг манай тал гаргаж байгаа гэнэ. УБТЗ-ын 65 жилийн түүхэнд хийгдэж байгаа анхны томоохон хөрөнгө оруулалт болох ухаалаг галт тэрэг нь тасалгаа болгондоо зурагттай, бүх зүйл нь автоматаар зохицуулагддаг системтэй аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай өргөгчөөр өргөж зориулалтын өрөөнд байрлуулах зэрэг олон давуу талтай. Цаашид УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхээр төмөр замын автобус, замын зүтгүүр, ачааны вагон, зам хэмжигч, сэв шалгагчийг худалдан авахаар шийдвэрлэжээ. УБТЗ уг вагонуудаар тусгай цуваа байгуулан Улаанбаатар-Москвагийн чиглэлд явуулахаар төлөвлөсөн байна.
С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ