Хэзээ олгох нь тодорхойгүй газрын сураг
Өнгөрсөн жилийн яг өдийгөөс эхлэн нийслэл хотод үнэгүй газар өмчүүлэхийг түр хугацаагаар хориглосон билээ. Эл шийдвэрийг нийслэлийн Засаг дарга А/726 дугаар захирамжаар баталгаажиж, үүнээс хойш шинэ газар олгоогүй. Гэтэл нийслэлчүүдийн 90 орчим хувь нь газар өмчлөлөө хийгээгүй байгааг албаныхан өөрсдөө тогтоочихоод байдаг. Тэгэхээр иргэдийн хувьд газар өмчлөл хүлээлт үүсгээд байна.
Нийслэлээс Улаанбаатар хотыг иргэддээ ээлтэй, эрүүл, аюулгүй хөгжингүй хот болгон хөгжүүлэхийн тулд зохион байгуулалтын хэд, хэдэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн дахин төлөвлөлттэй уялдуулан газар олгохоор болсон. Ийнхүү дахин төлөвлөлтийн графикийн дагуу газрыг хэрхэн олгохоо шийдвэрлэнэ хэмээсээр бүтэн жилийн хугацаа өнгөрлөө. Шинэ оны өмнөхөн газар олгох 52 байршил тодорхой болов. Ингээд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ гэсээр ийм ч ажил дутуу, тийм ч ажлыг хийж байна, шалгах судлах зүйл их байна гэсээр энэ хавартай ч золголоо.
Уул нь газар олголтыг 2014 оны эхээр эхлүүлнэ гэж байсан. Гэвч энэ нь дөрөвдүгээр сарын нэгэн болсон. Дараа нь тэр хугацаа нь тавдугаар сарын нэгэн болов. Гэсэн ч одоо тавдугаар сар дундаа орж байна.
Дээрээс нь гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх 0,7 га газар нь 0,5 болоод багасчихсан. Үүнийгээ “газартай болох гэсэн иргэдийн эрэлт их байна, иймээс бүгдэд хүртээмжтэй хүргэх үүднээс хэмжээг багасгалаа” хэмээн албаныхан тайлбарлаж буй.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас хамгийн сүүлийн өгсөн мэдээллээр бол “иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх хүсэлтийг хүлээж авах эрхзүйн орчин бүрдүүлэх журмын төслийг НИТХ-аар батлаад, мөн цахимаар бүртгэх төхөөрөмжийг нь элдэв будлиангүй гэдгийг нь ТЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс баталчихвал иргэдэд газар өмчлүүлэх бололтой байгаа юм. Гэсэн ч мөн л хугацаа нь тодорхойгүй. Яг л нөгөө “Бухын доодохыг харсаар үнэг турж үхнэ” гэдэг шиг л юм болоод байна даа.
Г.Аянга
оллоо.мн