Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд торгуулийн арга хэмжээ авсан байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт үнэн зөв эсэх, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан байна.
Энэхүү хяналт шалгалтын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэмжил зүйн хяналтын ахлах байцаагч О.Ганбаяраас дараахь зүйлийг тодрууллаа.
-Улсын томоохон эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Шалгалтыг хэзээ хийсэн бэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу томоохон эмнэлгүүдэд эмчилгээ, шинжилгээ, оношлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт нь үнэн зөв эсэх болон даралтат савны угсралт ашиглалт аюулгүй ажиллагаанд шалгалтыг хийсэн. Энэхүү шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр хийсэн байгаа. Хяналт шалгалтад Улсын I, II, III төв эмнэлэг
болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвүүд хамрагдсан.
-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
-Хэмжилзүйн чиглэлээр гол илэрсэн зөрчил гэвэл хүний цусны даралтыг үздэг аппарат улсын баталгаажуулалтад огт хамрагдаагүй байсан. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хадвар судлалын үндэсний төвийн аппаратууд хамрагдаагүй байсан юм. Харин бусад эмнэлгүүд нь бүрэн хамруулсан байсан боловч заримынх нь баталгаажуултын хугацаа дууссан байсан. Мөн жин хэмжүүр баталгаагүй байх тохиодол нэлээд ирсэн байгаа. Өвчтөнг жин дээр хэмжиж, өндрийг үзсэний дараа тухайн хүний жин өндөрт харьцуулалт хийж эмийн тунг тааруулдаг. Гэтэл Улсын I эмнэлгийн бөөрний тасагт хэрэглэж байгаа 600 кг хүртэл жигнэх жин эвдэрхий, улсын баталгаагүй байсан. Мөн Хавдар судлалын үндэсний төв, III эмнэлгүүд даралтын савны хэмжээ, тунг хардаг хэмжүүр эвдэрхий, улсын баталгаажуулалт хамрагдаагүй байсан юм.
-Илэрсэн зөрчил дутагдал дээр ямар арга хэмжээ авсан бэ?
-Шалгалтад хамрагдсан таван эмнэлгийг хяналтын хуудсаар эрсдлийг үнэлсэн таван эмнэлгийн 40 хувь нь бага эрсдэлтэй, 60 хувь дунд эрсдэлтэй гарч байгаа. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 86 заалт бүхий таван албан шаардлага хүргүүлсэн. Хууль тогтоомж зөрчсөн нэг эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авсан байгаа.
-Ямар эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авсан вэ?
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авах тасгийн эмчийн даралтын аппарат нь буруу заалттай, эвдэрхий, баталгаагүй хэмжигч хэрэглэсэн гэдэг үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан юм.
-Эмнэлгийн хэрэгслийн баталгааг хаанаас авах ёстой вэ?
-Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль гэж байдаг. Хуулинд хүн эмнэлгийн шинжилгээ оношлогоо хэмжих хэрэгсэлийг зайлшгүй улсын баталгаатай байх ёстой гэж заасан байдаг. Хэмжих хэрэгслүүдийг Стандарт хэмжилзүйн үндэсний төвтэй жил бүр арванхоёрдугаар сард хэмжих хэрэгслийн баталгаажуулж гэрээ хийх ёстой. Гэрээний үндсэн дээр ямар хэрэгслийн улсын баталгаажуултад хамруулах вэ гэдгийг зааж өгдөг юм.
-Зөрчлийг ариглуулах хугацаатай шаардлага өгчихсөн байгаа. Дахин шалгалт хийхэд зөрчлөө арилгаагүй байвал ямар арга хэмжээ авах вэ?
-Хугацаат албан шаардлага биелээгүй байвал дараагийн арга хэмжээ аваад явна.
-Улсын эмнэлгүүд хэмжилзүйн багаж дээр нэлээд зөрчилтэй гарсан байна. Хувийн эмнэлгүүдэд хэмжилзүйн багажны шалгалтыг хийх үү?
-Хувийн эмнэлгүүдэд хийнэ. Үүнийг нийслэл, дүүргийн харьяа Мэргэжлийн хяналт газрууд хийдэг юм.
Нийслэл таймс
Н.Алтанцэцэг