Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байх нь ихэсчээ

Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259  дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ аба хаах  хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулсан. Зарлан дуудах хуудсыг 93.1 хувьтай тараажээ. Харин энэ сарын 9-нөөс цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил эхэлжээ. Нийслэлийн нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дүүрэг бүр дээр болсон бөгөөд 11- ний өдрийг дуустал үргэлжилсэн юм.

 

Цэрэг татлага Баянгол дүүргийн 96 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Хан-уул дүүргийн 34 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр явагдаж байлаа. Цэрэг татлага хэрхэн явагдаж байгааг болон цэргийн алба хаах насны залуус маань иргэний үүргээ хэрхэн биелүүлж байгааг сонирхохоор Баянгол дүүргийн цэрэг татлага явагдаж байгаа 96 дугаар сургуулийг зорилоо. Залуус маш урт дараалал үүсгэн цэрэг татлагын комиссоор орохоор зогсчээ. Өглөө 09:00- 12:00 цагийн хооронд ирж цэргийн комиссоор орох ёстой байтал цагаасаа хоцорч ирчихээд комиссынхныг буруутгах хүмүүс ч байх юм. Цэрэг татлагын байр, комиссийн өрөө рүү гадны хүн оруулахгүй байлаа. Хүүгээ, нөхрөө, дүүгээ цэрэг татлагын байр руу оруулсан ар гэрийнхэн ямар хариу ирэхийг хүлээн, битүүхэн шаналж байгаа нь харагдана.

 

Иргэд маань өөрсдөө ямар ямар үндэслэлээр цэргийн жинхэнэ албаны татлагаас чөлөөлөгдөж болох тухайгаа мэддэггүй бололтой. Комиссоор орохоор дарааллан зогсох залуусын дунд эхнэрээ, хоёр хүүхэдтэйгээ дагуулан ирсэн залуу зогсоно. Тэр цэргээс яаж чөлөөлөгдөж болох тухай хавь ойрын хүмүүсээс асуух юм. Арга ч үгүй биз дээ. Түүнийг цэрэгт явчихвал үлдэж байгаа хоёрын хоёр нялх хүүхэдтэй эхнэрээ яана даа гэж санаа зовсон байх. Гэхдээ эцэг эх нь хоёулаа эсвэл ганц бие, эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй, 60- аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, энэ насанд хүрээгүй боловч тахир дутуугийн I, II зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцох бөгөөд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр, эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй, хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй, эхнэр нь тахир дутуугийн I, II зэрэгт орсон ба хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй эсвэл 16-аас дээш настай боловч тахир дутуугийн I, II зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй бол цэргийн албанд татахаас түр чөлөөлөгддөг шүү дээ.

 

Энд ар гэрийн шалтгаанаар цэргийн жинхэнэ албанаас чөлөөлүүлэхээр өргөдөл барьсан нэгэн байхад, дээд сургуульд сурдаг гэсэн тодорхойлолт барьсан оюутнууд ч байх. Бүр эсэргээрээ зарим нь  “Цэргийн албаа хаамаар байна. Эрүүл мэндээрээ тэнцэхгүй бол яанаа” гэж түгшин ярилцах нь сонсогдоно.

 

Өчигдөр цэрэг татлагын сүүлийн өдөр байсан. Өмнөх хоёр өдрийг бодвол хүн арай бага. Гэсэн ч нөгөө л цаг бариагүйгээсээ болоод хэл ам хийгсэд байсаар л. Ням гаригийн 12:00 цагаас цэрэг татлагын байр хаалгаа барьж, энэ хооронд комиссоор орж амжаагүй залуус маань иргэний үүргээ гүйцэтгээгүйд тооцогдох юм. Учир нь цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй аж. Харин цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэх юм байна. Цэргийн насны иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэтийн аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын тодохойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцдог аж.

 

Гэтэл энд амаараа л ямар нэгэн тайлбар тавьсан хүмүүс олон. Уг нь цэрэгт татагдах ч бай, чөлөөлүүлэх ч бай жилдээ хоёрхон удаа зохион байгуулагддаг цэрэг татлагын комисстоо очоод байвал ингэж хэн хэндээ төвөг удахгүй л гэж албаныхан хэлж байна лээ. Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн гурван өдрийн дотор зарлан дуудах хуудас авсан  иргэдийн 78 орчим хувь нь цэрэг татлагын  комиссоор оржээ. Комиссоор орсон залуусын  цэргийн албанд тэнцэхгүй байгаа хамгийн том гурван шалтгаан байгаа аж. Залуус нэгдүгээрт эрүүл мэндийн байдал , хоёрдугаарт их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоо их байгаа, гуравдугаарт ар гэрийн гачигдалтай байдлаас болоод цэргийн албанд тэнцэхгүй байна.  Мөн эдгээр асуудлаас болоод цэргийн албанаас түр чөлөөлөгдөж байгаа аж. Цэрэг татлагын комисст ажиллаж байгаа эмч нарын дунд ч “Ийм сайхан залуу ингээд алба хаах боломжгүй болох гэж дээ” гэсэн халаглал ч байсан юм.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Оюутан- цэрэг” хөтөлбөр хэрэгжээд явж  байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдах журамд зааснаар бол тухайн оюутан нэгдүгээр курсын хоёр дахь улиралдаа суралцаж байгаа оюутан байх ёстой байдаг аж. Энэхүү шаардлагыг биелүүлсэн 163 оюутан хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна. Харин энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд цэрэг татлагын комиссоор орохгүй байж болох ажээ. Ингээд цэргийн албанд тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг 9-ний өдрийн 19.00 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн анги руу хүргэж өгсөн байна. Харин 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн анги руу хуваарилан хүргэн өгчээ.

 

Нийслэл таймс

А.Халиун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button