"Баярлалаа" л дутаад байх юм даа

Монголчууд бид ер нь ноён зантай, сэхүүн хүмүүс дээ. Бусдын өмнө царай алдаж муу муухайгаа үзүүлэхгүй байх төрөлхийн эрмэлзэлтэй. Ардын сургааль үгэнд ч “Ядравч газар бүү тул” гэдэгтэй утга нэгтэй суртал олон. За тэгээд “өрөнд орсон хужаа шиг санаа алдаад” гэх мэтээр аль л сул харагдаж болох бүхнийг хаачихсан. Сэхүүн, үндэсний бардамналтай байх нь муу зүйл биш. Гэхдээ бусдын тусыг байх л ёстой мэт үздэг, бусдаас дээгүүрт өөрийгеө тавьдагаас талархал гэдэг зүйлийг орхигдуулаад байгаа юм биш байгаа.

 

Төрийн байгууллагаас бусад үйлчилгээний газруудад “баярлалаа” гэх үгийг хэлээд хэвшчихлээ. Гэхдээ энэ үгийг бид өөр хоорондоо биш үйлчилгээний байгууллагын ажилчид л хэлэх ёстой мэт ойлгодог байдал бол хэвээрээ байна.

 

Өдөр тутмын амьдралдаа бусадтай харилцдаг суурин иргэншилд биднийг нэг тийм тухгүй болгоод байгаа зүйл “баярлалаа” гэдэг үг дутагсаных гэж бодогдоод байх боллоо. Үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс “үйлчлүүлсэнд баярлалаа” гэдэг боловч хариу талархалгүй гарч оддог. Үүнээс болоод харилцаа ёс төдий хүйтэн болоод байгаа юм. За тэгээд нийтийн ариун цэврийн газрын үйлчлүүлэгчдэд хоёр зуун төгрөг шидчихээд гараад явдаг. Өөрсдөө цахилгаан хэрэглэснийхээ мөнгийг тушаахгүй байж байгаад таслуулчихаад залгах гэж очсон монтёрийг үгийн муугаар угтаж, үддэг гэх мэт.

 

Автобусанд ахмад настай хүнд суудал тавьж өгсөн хүүхдүүдэд ер нь “баярлалаа” гэсэн үг хэлж харагдахгүй юм. Ингэх л ёстой гэсэн хандлага яваад байдаг. Гэтэл хүндлэлийн хариуд талархал байдаггүйгээс суудал тавьж өгсөн нь сэтгэл дундуур үлдээд байдаг шиг байгаа юм. Хаа нэг талархал сонссон нь ямар сайхан инээмсэглэж цовоо цолгиун болдог гэж санана.

Нийслэл таймс

Ж.Баяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button