Нийслэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулж, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл”-ийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оны зорилтын хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох боломжийг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжихээр хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх бөгөөд журмаар зохицуулж өгөх юм.

Монгол банкны судалгаагаар 2227 аж ахуйн нэгж, иргэдийн 69 хувь нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилтийн хэрэгцээ зайлшгүй байгаа, 28 хувь нь санхүүжилт авах шаардлагагүй гэж хариулжээ. Харин нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хийсэн судалгаанд 935 аж ахуйн нэгж, иргэн оролцсоноос 52 хувь нь хөнгөлөлтэй зээлд хамрагдах хүсэлтэй байна гэжээ. Эдгээр судалгаанаас үзэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа бөгөөд тэдгээрт хөнгөлттэй үнээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Тиймээс одоогийн банк, санхүүгийн байгууллагаас үзүүлж буй зээлээс хялбар байдлаар иргэдэд хэрэгцээтэй зээл өгөх боломжийг бүрдүүлэх гэж байна.

Ингэхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тухайн жилд ямар салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодорхойлж,  жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилтыг дэвшүүлнэ. Үүний дагуу арилжааны банканд зээл хүсэгчийн төслийг хүлээн авч, шалгаруулалтыг тухайн банк хийнэ. Харин аль банк энэ шалгаруулалтыг хийж, зээл олгох эрх авах уу гэдгийг нийт арилжааны банкуудаас сонгон шалгаруулалт хийнэ. Тухайн банкны шалгуурыг давсан төслүүдтэй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл танилцаж, зорилтод нийцэх эсэхээс хамаарч Батлан даалтын сангаас санхүүжүүлэн, хөнгөлттэй зээл олгох юм. Харин сүүлийн шалгаруулалтыг хийх сангийн зөвлөлд холбогдох албан тушаалтнаас гадна жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулна.

Энэ жил нийслэлийн төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд 5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 3 тэрбумыг Батлан даалтын санд төвлөрүүлж, иргэдэд зээл олгохоор төлөвлөж байгаа юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд дээрх журмын төслийг дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин нийслэлийн Засаг дарга “Олон жил жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гэсэн нэрийдлээр их хэмжээний мөнгийг хий дэмий зарцуулсан. Зорилтод бүлгийн хүмүүстээ хүрч чаддаггүй энэ зээлийн хөтөлбөрийг нийслэл жшиг байдлаар зохион байгуулж, үр дүн гаргах нь чухал” гэдгийг онцлон хэлсэн юм. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” байгуулах, хэрхэн ажиллах журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 05 дугаар сарын хуралдаанд өргөн барихаар боллоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button