Ц.Энхбаяр гомдол мэдүүлжээ
Олон сар хэл ам дагуулсан ГССҮТ-ийн даргын албан тушаал эзэнтэй боллоо. Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргаар Хүний гавьяат эмч З.Мэндсайханыг томилоод байна. Түүний өмнө Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван сонгон шалгаруулалтад тэнцэж, тус төвийн даргаар томилогдсон ч хувийн шалтгаанаар албан тушаалаасаа татгалзсан юм.
Түүнийг ийн татгалзахад хууль бусаар томилогдсон гэх ГССҮТ-ийн даргын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр нөлөөлсөн гэх нь бий.
Тэгвэл Ц.Энхбаяр Төрийн албаны зөвлөлийг шүүхэд өгөөд байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь ГССҮТ-ийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр нэрээ өгсөн ч үндэслэлгүйгээр хассан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд гомдол мэдүүлсэн байна. Түүний гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд энэ сарын 16-нд хэлэлцэх ажээ.
Г.Уянга
оллоо.мн