Н.Золжаргал: Хүндрэл, хямрал ялгаатай

Улс төр тогтвортой бол эдийн засагт савлагаа үүсэхгүй

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Ам.долларын албан ханш 1800-д хүрч, валют арилжааны захуудад нэг ам.долларыг  1810 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. Монголбанкнаас валютын ханшийг өсгөхгүй байх арга хэмжээ авна гэсэн боловч долларын ханш өдрөөр өсч байна?

-Сүүлийн хоёр долоо хоногийн дотор ханшийн өсөлт  1800-д дөхсөн байсан. Ер нь хавар ам.долларын эрэлт их байдаг. Хаврын бүтээн байгуулалттай зэрэгцэн нийт валюын 60 хувь нь эргэлтэд ордог. Үүнтэй холбоотойгоор ханш өсдөг. Хаврын улирал дуусмагц, оны хоёрдугаар хагаст валютын орох урсгал нь нэмэгдээд ирдэг. 4-6 сарын хооронд ноолуурын мөнгө орж ирдэг циклтэй. Энэ жилийн хувьд нүүрсний орлого сул байна. Экспртолу буй нүүрсний хэмжээ нэмэгдсэн ч үнэ хямд хэвээр байна. Мөн нүүрсээ гаргасан ч мөнгө нь орж ирдэггүй шинэ хүндрэл бий болчихоод байна. Сүүлийн үед бага багаар  орж ирээд зөрүү нь 100-гаад сая ам.доллар хавьцаа байна. Цаашдаа дутуу мөнгөнүүд ойрын хугацаанд ороод ирчих болов уу гэсэн хүлээлт байна. Нөгөө талаар алтан дээр санхүүжилтийн асуудлаа шийдээд эхэлсэн байгаа. Тэгэхээр  валютын орлого нэмэгдэнэ,  дээр хэлсэнчлэн ноолуурын мөнгө орж ирнэ. Ханшийн нэгдүгээр улирлын төгсгөлд ам.доллар 1770-1780 төгрөгийн ханштай байсан. Түүнээс хойш 1-2 хувийн хөдөлгөөнтэй байна. Үүнийг бид улирлын чанартай гэж харж байгаа. Учир нь худалдааны суурь баланс ерөнхийдөөтэнцвэржчихсэн байна. Өнгөрсөн жилийн өдийд  хасах 300-400 сая ам.долларын худалдааны баланстай байсан бол одоо ерөнхийдөө буурчихсан байна. Тэгэхээр бидний харж байгаагаар ханшийн хөдөлгөөн нэмэгдэхгүй. Хаврын эрэлттэй холбоотойгоор түр зуурын өсөлт гэж ойлгож болно. Гэхдээ Монголбанк өөрсдийнхөө   валютын  нөөцөөс тодорхой хэмжээгээр нийлүүлж ирснээ үргэлжлүүлнэ. Валютын эрэлтийг дан нөөцөөр хангана гэж байхгүй учраас валютын орох урсгал руугаа хандсан, хэрхэн оруулж ирэх, экспортоо яаж нэмэх, нүүрснийхээ төлбөрийг хэрхэн авах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон хүндрэлийг давахын тулд УИХ дээр яригдаж байгаа тогтоолын төсөл маш чухал үүрэгтэй. Эцэслэн батлагдсаны дараа УИХ-ын гишүүдээс тодорхой мэдээлэл иргэдэд хүрэх байх.

-Валютын ханш цаашид нэмэгдэхгүй байх боломж бий юу?

-2009 онтой харьцуулахад одоохондоо хямралын дүр зураг эдийн засагт алга. Мэдээж хүндрэл бол байна. Хүндрэл, хямрал хоёрын хооронд алд дэлэм зөрүү бий. Эдийн засгийн нөхцөл байдалд анхааралтай хандаж, эдийн засгийг идэвхжүүлэх, хямралаас урьдчилан сэргийлэх, нөгөө талдаа хүндрэлийг хэрхэн даван туулах тухай тогтоолын төсөл бидний хувьд маш чухал ач холбогдолтой. Яг эдийн засгийн энэ мөчлөг дээр урагшаа харахдаа бид юугаа танаж, юугаа  хасах вэ гэдээ маш сайн бодолцож байж шийдвэр гаргах ёстой.

-Монголбанк мөнгөний бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэхгүй байна гэж хэлж чадах уу?

-Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг бид өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Эхний хурал дээр яг эдийн засагт байгаа нөхцөл байдлын  тухай хэлэлцэх явцдаа хурлаа түр хойшлуулчихаад байгаа юм. Учир нь эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа тохиолдолд төсвийн болон эдийн засагт байгаа тоонуудад өөрчлөлт орж таарах гээд байна. Тиймээс бид жаахан хүлээх шийдвэр гаргаад байна. Мэдээж энэ тогтоол эцэслэн батлагдаад ирэхээр төгрөг талдаа гарах нөлөөллүүдийг нь сайн тооцоод, валютын орох урсгалд хэр  зэрэг эерэг нөлөөлөл үзүүлэхийг тооцож үзсэний үр дүнд бодлогын хүүн дээр  өөрчлөлт гаргана. Бодлогын хүүний нөлөөлөл бол зургаан сарын мэдрэгддэг. Үүний дараагаар эдийн засагт нөлөөгөө үзүүлдэг гэсэн үг. Товчхондоо УИХ-аас гарах тогтоолоос нэлээд их зүйл шалтгаална. Энэ тогтоолтой холбоотойгоор олон хуульд өөрчлөлт орох байх. Төсвийн урсгал зардлыг танах, өрийн удирдлагын хуульд өөрчлөлт оруулах асуудал ч байгаа. Бүх аж ахуйн нэгж дээр бүх шатанд нь тодорхой хэмжээний татварын болон татварын бус дэмжлэг, хөнгөлөлтүүд энэ тогтоолд орсон. Энэ бүх өөрчлөлт мэдээж ханшинд эерэгээр нөлөөлнө. Дээрээс нь сүүлийн гурван сар гаруйн хугацаанд улс төрд өрнөж байгаа  үйл явдлууд бидний орон зайг багагүй хумьж байна. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх тусмаа зах зээл өөрөө тогтовортой болдог жамтай. Товчхондоо энэ жилдээ валютын ханш тогтвортой байх болов уу гэж бодож байна.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр, валютын савалгаатай холбоотой танд хариуцлага тооцох ёстой гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байна?

-Хариуцлагын тухай ярих асуудлыг би өөрөө дүгнэх нь утгагүй. Гэхдээ ханшийн өсөлтийн тухайд бид хамгийн гол нь олон нийтэд энэ талаар зөв мэдээлэл хүргэж байх мэдээллийг УИХ-ын гишүүд ч бай, Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газар дээр ил тод тогтвортой ярьдаг л байх ёстой. Бидний зүгээс шаардлагатай бүх мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа. Жишээ нь гурван жил дараалаад гурван  тэрбум ам.долларын  хасахтай байснаа бид бүгдээрээ харж л байсан. Харин валютын орох урсгалын хувьд хийх ажил зөндөө бий. Мэдээж Монголбанкны хувьд валют оруулж ирэхэд хоёр л боломж байдаг. Татварын нийлүүлэлтээ нэмэх, тэр нь өөрөө эдийн засагт сөрөг нөлөөтэй байх. Нөгөөх нь хувийн секторын үйл ажиллагааг хумих, эдийн засгаа удаашруулах гэсэн сонголтын дунд Монголбанк сууж байна. Бид нарын хувьд бол төгрөг тал дээр л нөлөөлнө. Валют талд  интервенцээс өөр нөлөөлөл байхгүй. Интервенцийг олон нийтэд шууд мэдээллэж байгаа.  Энэ нийлүүлэлтийн хэмжээг ялангуяа хавар хийдгээрээ хийнэ. Анхаарал энд хэвээрээ байна. Харин цаашдаа валют ордог урсгалдаа анхаарах  хэрэгтэй байгаа юм.

-Гадаад валют хангалттай орж ирэхгүй бол дотоодын эдийн  засгийн өсөлтөө алдахад хүрнэ гэсэн дүгнэлт хийж байгаа хэсэг ч  байна?

-Монголын эдийн засагт эргэлддэг  төгрөгийн хэмжээгээ тооцвол тодорхой нэг хэсэг нь гадаад валют орж ирж,   төгрөг болон хувирч байдаг. Гэтэл валютын урсгал багасчихаар  түүнийг зохицуулах, тэнцвэржүүлэхэд хэцүү л дээ. Өнгөрсөн жил үүнийг тэнцвэржүүлэхийн тулд Монголбанк мөнгө нийлүүлсэн. Тодруулбал, зургаан их наяд төгрөг дутаж байхад гурван их наяд төгрөг хаана нь ч хүрээгүй. Талд нь л очоод зогссон гэсэн үг. Энэ жилийн хувьд тэр гурван их наядаа ч гэсэн танаж, хассан. Тэгэхээр бидний гол анхаарах зүйл бол эдийн засгаа  идэвхжүүлэхийн тулд гадаад эдийн  засгийн харилцаа буюу гадаад хөрөнгө  оруулалт,  гадна экспортын бүтээгдэхүүнээ нэмэх,  эрчимжүүлэх  явдал.

-Үйлдвэрлэлийг дэмжих 888 төслийг улс төрийн шоу гэж шүүмжлэх болжээ. Энэ төслүүдэд арилжааны банкуудаас зээл өгөх болов уу?

-Ер нь экспортыг дэмжих бодлого өөрөө сул ханшийг  шаарддаг. Чанга ханшин дээр үнийн хоёр бодлого байхгүй шүү дээ. Тэгэхээр бодлогын хувьд аль аль талдаа ойлгомжтой. Өнөөдрийн 1800 гэдэг ханш маань гадаад худалдааг тэнцвэржүүлж байгаа тохиолдолд зөв ханш гэж үзэж байгаа. Энэ маань өөрөө экспортыг дэмждэг, импортыг урамшуулдаггүй, торгодог тийм ханш. Үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөл яриад байгаа боловч  бодит байдалдаа ард нь маш олон төсөл бий. Тэр олон төслүүд маань зээлийн шалгуураа даагаад санхүүжилт нь ороод яваасай гэж хүсч байна. Бодитой шалгууруудаа даваад хэрэгжээд эхэлбэл ирээдүйд Монголд ирэх валют болох учиртай юм. Мэдээж зарим орлого шууд орж ирнэ. Зарим нь ирээдүйд ирнэ шүү дээ. Хөтөлбөрүүдийн хувьд арилжааны банкуудад санал нь ирчихсэн, судалж үзсэнийхээ дараа  эрсдэл, эх үүсвэрээ тооцоож үзээд санхүүжилтээ гаргах байх.

-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг баталснаар нийт хэчнээн төгрөгийн валютын урсгал орж ирэх  талаар тодорхой тооцоолол бий юү?

-Валютын орлогын хувьд төлбөрийн тэнцлийн  төсөөллүүд бий  л дээ. Монгол Улсад жилдээ орж ирдэг валютын урсгалаа харахад 8-9 тэрбум төгрөг. Энэ хэмжээний мөнгө  орж ирж байж эдийн засаг доторх валютын урсгал эерэг явдаг. Аль  2012 онд ийм төвшинд хүрчихсэн. Гэвч түүнээс хойш энэ тоо татраад байгаад л гол хүндрэл байна.  Нэг үгээр бол, ордог урсгал нь татраад гардаг нь хэвэндээ байгаад байгаа юм. Энэ балансыг хадгалахын тулд ханш  маш чухал үүрэгтэй. Товчхондоо,ханш валютын урсгалыг зохицуулдаг гол эмчилгээ нь юм шүү дээ. Одоо бодит эмчилгээ эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийн хүрээнд гарах учиртай. 

-Монголд гадаадын банк оруулж ирэх тухай ярих боллоо. Энэ нь Монголын эдийн засагт ямар ач тус авчрах вэ?

-Одоогоор банкны салбараа байгуулъя гэсэн албан ёсны хүсэлт ирээгүй байна. Хүсэлт нь ирвэл ямар нөлөөтэй байх нь вэ гэдгийг судална.

-Хятадын банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно гэсэн шүүмжлэлийг зарим эдийн засагчид хэлж байгаа?

-Аль зэрэг нөлөөтэйг нь мэдэхгүй учраас хэлэх боломж алга. Тухайн банкны эерэг, сөрөг  нөлөөллийг нь харж байж шийдвэр гарна.

Ш.Оч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button