НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгааг 50 сая болгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болжээ
"Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног"-ийн хүрээнд шийдвэрлэсэн эхний ажлуудын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бүтээн байгуулалтын цаг”-аар танилцууллаа.
-Энэ сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг сунган, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж шийдвэрлэж, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босго нь 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртлэх аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгасан, УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ
-Дорноговь аймагт жилд 2 сая 240 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд ашиглалтад орох гэж байна. Бизнес эрхлэгчидтэй уулзахад ийм том хэмжээний үйлдвэр байгуулахад тоног төхөөрөмж шинэчлэх, үйлдвэрээ өргөтгөх шаардлагатай байна. НӨАТ-ын татвар өндөр төлдөг, энэ асуудалд Засгийн газар зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт хийх тодорхой хугацаанд импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийналбан татвараас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх буюу татвар төлөх хугацааг 2 жил хүртлэх хугацаагаар хойшлуулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Ингэснээр бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой юм гэж Ерөнхий сайд хэллээ.
-Мөн албан татвар төлөгчийн төлсөн НӨАТ-ын 2 хувийг буцааж олгох тухай хуулийн төслийг УИХ-д энэ долоо хоногт өргөн барихаар шийдвэрлэсэн гэлээ.
-Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзлэх хувь 70 орчим хувь байхаар хуулийн төсөлд тусгажээ.
-Төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын менежментийг зөв хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн ижил тэгш эрхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн төсвийн хувьд цалин, хөлснөөс бусад бараа, үйлчилгээний зардлыг 20-иос доошгүй хувь бууруулах, орон тоо нэмэх шийдвэр гаргахгүй байх, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх, гадаад албан томилолтын зардлыг тэвчих, зайлшгүй тохиолдолд зорчих төлөөлөгчийн тоог хязгаарлах, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байх, дүрэмт хувцсыг гамтай хэрэглэж, эдэлгээний хугацааг уртасгах замаар хэмнэлт бий болгох, дүрэмт хувцасны загварыг 10 жилийн дотор өөрчлөхгүй байх зэргийг Засгийн газрын тогтоолд тусгажээ.
-Аймаг, сумын төвд дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц барьж буй иргэд ипотекийн зээл авах боломжтой болсон бөгөөд орон нутагт ипотекийн зээлийн хүү зээлийн хүү 7 хувь байхаар шийдвэрлэлээ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
-Хувийн хэвшлийг дэмжих зорилгоор “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. 400 гаруй км энэ зам ашиглалтад орвол нүүрс, бусад түүхий эдийн хилээр нэвтрэлт нэмэгдэж, экспорт нэмэгдэнэ. Түүхий эдийн үнийн өрсөлдөх чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой.
-Австри улсын 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг эрүүл мэндийн салбарт, тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Оношилгоо, шинжилгээний хөдөлгөөнт эмнэлэг байгуулах, УБ хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи, гал унтраах техник, тоног төхөөрөмж, Төрийн тусгай албаны эмнэлэгийн шинэчлэлд зориулж орчин үеийн лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж тус тус худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Г.Уянга
Оллоо.мн