Эв нэгдлийн Засгийн газар байгуулах хүсэл хэнийх вэ
Харин одоо бол “Шинэчлэл”-ийн гэх тодотголтой Засгийн газрын “Өндөг” хагарчих гээд Н.Алтанхуягийг сандаргаж байна. Бүр намынх нь гишүүд ил цагаанаар энэ талаарх үзэл бодлоо илэрхийлэх болов. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн С.Баярцогт. Тэрбээр “Монгол Улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй байна. Одоогийн Засгийн газарт Ардын намаас бусад нь хамтарч байна. Тэгвэл одоо Ардын намынхныг энэ Засгийн газарт урих хэрэгтэй” гэсэн үг ойрын өдрүүдэд мөн л улсын төрийн хүрээнд сенсааци дэгдээж байна. Үүнийг дагаад АН, МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах нь гэх яриа ч тасралтгүй хөврөх болов. С.Баярцогт гишүүний харж байгаагаар дээрх байдлаар хамтарч байж эдийн засгийн хямралыг даван туулна гэсэн юм. Урьд нь Ардын нам 45 гишүүнтэй дангаараа Засгийн газар байгуулах боломжтой байхдаа Ерөнхий сайд асан С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулсан. Тухайн үед хамтарсан засаг байгуулсанаар эдийн засгийн хүндрэлүүдийг давж чадсан гэх.
Гэвч С.Баярцогт гишүүний хэлсэн үгийг АН-ын санал гэж хэлэх нь өрөөсгөл. Нэг гишүүн дотроо бодож явсан зүйлээ хэлсэн байх гэх энэ үгийг АН-ынхан хэлж байна. Бүр мэдэгдэл ч гаргасан байх. Гэхдээ л Н.Алтанхуягийн “Өндөг”-ийг АН-ынхан өөрсдөө хагалчих магадлал өндөр байна. Одоогоор бол “Шонхор” фракцийн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, МҮДН-ын Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Л.Гантөмөр, “Нэг ардчилал”-ын Х.Тэмүүжин, “Зүүн хойд Ази”-ийн Л.Болд нарын Засгийн газрын бүрэлдэхүүн багтсан байгаа. Н.Алтанхуяг ийнхүү албан тушаалын “амтат” бялууг тэдэнд тэнцүүхэн хүртээсэн учраас Засгийн газар тогтвортой байгаа гэх нь ч бий.
Харин МоАХ-ын фракцийн тэргүүн Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Нэг үгээр тэр “Шинэчлэл”-ийн гэх Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахыг хүссэнгүй. Нөгөө талаар Х.Баттулга энэ Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөлт орох цаг болсон гэдгийг харуулаад авав. Харин Н.Алтанхуяг гүрийж байна. Энэ зуур АН-ын нэр бүхий гишүүд Эв нэгдлийн Засгийн газар байгуулах хүслээ гүйцэлдүүлэхээр уулзалдаж эхэлсэн сурагтай.
Оллоо.мн