6.9 тэрбумын татварын буцаан олголт хийгджээ

Манай улсын татварын талаарх холбогдох хуулиудад илүү татвар, хураамж төлсөн иргэдэд буцаан олголт хийх тухай заасан байдаг ч энэ талаарх мэдээ, мэдээлэл дутмагаас шалтгаалан татвар төлөгчид хамрагдаж чаддаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд иргэд баримт материалаа бүрдүүлж, татварын эргэн төлөлтөд хамрагдах нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 25-ны дотор бичиг баримт, холбогдох тооцоогоо гаргуулж , дээрх хөрөнгийг холбогдох татварын албадын дансанд байршуулсан бөгөөд буцаан олголтыг хэдийнэ өгч эхэлсэн.

  Тэгвэл II ээлжийн буюу 1 дүгээр сарын 25-аас 2 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд дүүргүүдэд ирсэн материалыг Нийслэлийн Татварын газарт, орон нутгийн иргэдийнхийг тухайн аймгийн татварын хэлтсүүд дээр хүлээн авч, давтан хяналтын ажил үргэлжилж Төрийн сан руу шилжсэн байна. Энэ онд  гаргасан тайлан тооцоонд урьдчилсан байдлаар 66 мянган хүн татварын хөнгөлөлтөд хамрагджээ.  Энэ нь өнгөрсөн жилээсээ 16 мянган хүнээр өссөн үзүүлэлт аж.

Учир нь өнгөрсөн онд 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдож эхэлсэн болон иргэдийн хуулийн мэдлэг дээшилж, татвараа идэвхитэй төлдөг болсон зэрэгтэй холбоотойгоор ийнхүү өссөн байна. Тиймээс татварын буцаан олголтын мөнгө төсөвлөснөөсөө хэтрэхээр байгаа тул төсөвт нэмэлт тодотгол хийх шаардлага тулгарчээ. Энэ талаар татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Болор-Эрдэнээс тодрууллаа.

 

Та иргэдэд ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар товч мэдээлэл өгөөч?

-Тухайн татварын жилд орлого олсон иргэн бүр татвар төлөх үүрэгтэй байгаа. Иргэний орлогод цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө  борлуулсаны  орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, шууд бус орлогууд хамаарна.

Эдгээр орлогоос Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг онцлогтой.

30 сая төгрөгийн орон сууц худалдан авсан бол 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Үүнээс дээш өртөгтэй байр авсан бол хувь нь нэмэгдээд явдаг гэсэн ойлголт иргэдэд түгээмэл байдаг. Энэ талаар тодруулаач?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д  “Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц барих юм уу худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй  тэнцэх орлого”-ыг чөлөөлөхөөр заасан. Мөн хуулийн энэ заалттай холбоотойгоор Дээд шүүхийн тайлбар  гарсан. Дээд шүүхийн тайлбарт, 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсвэл худалдаж авсны аль нэгийг гэж ойлгоно гэж заасан байгаа.

Жишээ нь: 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдсан тохиолдолд 30 сая төгрөгийн орлогыг чөлөөлнө. Ихэнх иргэд  30.0 сая төгрөгийн 10 хувь болох 3.0 сая төгрөгийг буцаан авна гэсэн ойлголттой байдаг. Чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэний тухайн жилийн орлого өндөр байгаа тохиолдолд зөвхөн тухайн жилдээ чөлөөлөлтөө эдлээд дуусна.

Жишээ нь: Иргэн “Б” 2013 онд үл хөдлөх хөрөнгөө 50 сая төгрөгөөр худалдасан тохиолдолд иргэн “Б”-ийн хувьд 2013 онд  30 сая төгрөгийн чөлөөлөлт  эдлэн үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 2 хувийн татварт төлсөн 600 мянган төгрөгийг  буцааж авснаар дуусгавар болно гэж үзнэ.

Бичиг баримт бүрдүүлж яваа хүмүүсийн хувьд хүндрэлтэй нэг зүйл нь тухайн орон сууц авсан орлогоо баталгаажуулах юм билээ?   

-Татварын хөнгөлөлт, чө­лөө­­лөл­төд хамрагдах ир­гэд хуульд заасны дагуу би­чиг баримтаа бүрдүүлэх ёстой. Бэлэн мөнгөнийхөө эх үүсвэр, орлогоо зайлшгүй баталгаажуулж нотлох ба­римт бичгээр өгнө. Нэгэнт хуу­лиар батлаад гаргасан жур­мыг бид мөрдөхөөс өөр арга­гүй. Дүүргийн татварын  байцаагч нар хүлээж авсны дараагаар Нийслэлийн татва­рын газар эсвэл Сангийн яам шалгаад баримт дутуу бай­на гээд буцаадаг учраас заавал баталгаажуулах шаард­лага­тай.

Хэрэв их хэмжээний мөн­гийг аль нэг санхүүгийн байгуул­лагад хадгалуулж бай­сан бол нотлох баримт нь хадгаламжийн дэвтэр бай­на. Эсвэл хэн нэгэн хүнд зээлүүлж байсан тухай нота­риатаар баталгаажуулсан га­рын үсэг бүхий баримт бичиг нь мөн орлого нотолно. Тий­мээс аливаа санхүүтэй хол­боо­той асуудлыг заавал нотол­гоотой гүйцэтгэж байхыг иргэ­дэд анхааруулмаар бай­на. Түүнчлэн бэлэглэлийн гэрээгээр ямар нэг үнэтэй зүйл авах гэж байгаа бол хуулиа сайн судлахыг зөвлөе.

 

Одоо татварын буцаан олголт ямар шатандаа явна вэ?

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлтөнд хамрагдсан иргэдийн буцаан олголтыг нийслэлийн хэмжээнд хоёр үе шаттайгаар явуулсан. Нийслэлийн Төрийн сан руу эхний ээжлийн хүмүүсийн татварын буцаан олголтын материалыг хүргүүлээд нийт 8500 гаруй иргэний материал хүргэгдэж 6,9 тэрбум төгрөгний буцаан олголтыг олгосон байгаа.

Хоёрдугаар үе шатны татварын хөнгөлөлт чөлөөлт хийгдэх гэж байгаа иргэдийн материалыг энэ сарын сүүлээр нийслэлийн Төрийн санд хүргүүлсэн. Хоёрдугаар үе шатанд хамрагдсан хүмүүсийн буцаан олголтыг энэ долоо хоногийн сүүлээр олгохоор ажил үргэлжилж байна.

-Татварын буцаан олголтод иргэдийн зүгээс ямар алдаа гаргаж байна вэ?

-Эхний ээлжинд ирүүлсэн иргэдийн материалаас харахад 200 гаруй иргэн дансны дугаар, регистрийн дугаараа зөрүүтэй өгснөөр материалыг нь буцаасан тохиолдлууд гарсан.

Татварын буцаан олголтод хичнээн тэрбум төгрөг олгогдоод байна?

2013 онд нийт 66 мянган иргэн 36,5 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдэхээр эцэслэсэн дүн гарсан байгаа. Энэ онд олгогдсон нийт төгрөгийн дүн гарах хараахан болоогүй байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button