Малаа зүсэлж мэдэхгүй цагдаа хэрэг илрүүлэх үү
Төрсөн сумын маань цагдаа гэх залуу төрийн хувцас өмсчихөөд л гудамжны шороо арчиж явааг олонтай харж билээ. Учир гэвэл, сургуулиа дөнгөж төгссөн залуухан төлөөлөгч залуу суманд очихдоо мотоцикль унаж чадахгүй, барьж сурах гэж энд тэнд унаж хөгөө чирч байсан нь тэр. Одоо ч энэ байдал харьцангуй бага болсон гэж хэлэхэд болно. Ядахдаа л хөдөөгийн цагдаагийн албан хаагчдын гол унаа болсон мотоциклийг уначих хэмжээнд бэлтгэгдэж байгаа биз. Өөрсдөө ч гэсэн оролдож байгаад жолоо бариад сурчих хэмжээний болсон. Нэг үеийг бодоход жолооны курсууд ч борооны дараах мөөг шиг олширсон учраас өөрсдөө ч бие даагаад сурах боломжтой.
Ер нь энэ албанд боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиуд энэ асуудлыг анхаарах цаг нь болсон баймаар. Жолооны үнэмлэхтэй төгсгөх ёстой, жолоо барьдаг байх ёстой гэх наад захын шалгуурыг тавьдаггүй учраас төрийн хувцсаар шороо арчиж байгааг нь буруутгах аргагүй юм. Сургууль төгсгөхдөө энэ мэт асуудлыг нь төгс шийдчйхдэг бол цагдаагийн албан хаагч хаа газар очоод адлуулаад байхгүй билээ. Өмнө нь ийм эрхзүйн зохицуулалт байсан аж. Бэлтгэж байгаа боловсон хүчнийхээ жолооны ур чадварыг анхаарч жолооны үнэмлэхтэй төгсгөдөг байсан ч сүүлийн жилүүдэд больсон гэнэ лээ. Ямар их мэдэгч нь болиулсныг мэдэхгүй ч энэ тулгамдсан асуудал гэдгийг мэдэх байлгүй. Бодвол илүү зардал гэж тооцоолж ийм шийдвэр гаргасан бололтой. Уг нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид дандаа л хөдөө алс хол дуудлагад явна. Малын хулгай, малчин айлд гарсан гэмт хэргийн газар очиход түүний хөл дүүжлэх унаа нь мотоцикль.
Автомашин, жолооч хоёроор хангадаг болтлоо хугацаа алдах учраас сургууль дээр нь нэг мотоцикль өгөөд, эсвэл сургуулийнх нь дэргэд жолооны курс ажиллуулаад өдрийн ангид сураад төгсч байгаа цагдаагийн албан хаагчдыг жолоо барьчих хэмжээнд төгсгөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг ч шат дараатай шаардах хэрэгтэй болжээ. Түүнээс гадна саяхан нэгэн албан тушаалтны ярилцлагаас ёстой яах аргагүй тулгамдаад байгаа нэг асуудлыг олж уншив. УЕП-ын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат хөдөө орон нутгийн хүчний байгууллагуудаар явж шалгалт хийжээ. Шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй ч хөдөө төгсөж очиж байгаа цагдаагийн албан хаагчид малынхаа зүсийг мэддэггүй, эм тамгыг ч гадарладаггүй гэсэн шүүмжлэл иржээ. Б.Үнэнбат дарга “Ер нь сүүлийн үед төгсөж гарч байгаа цагдаа нар хөдөө орон нутгийн амьдралд нийцсэн сургалтууд дутмаг байдаг. Хот суурин газраас төгсөж очиж байгаа хүүхдүүд малынхаа зүсийг мэддэггүй, эм тамгаа мэддэггүй хүндрэл бий. Наад захын ахуй хэрэглээний зүйлийг зааж сургахад анхаарах хэрэгтэй байх. Мөн унаа хөлсний хэрэгцээ ч байна” хэмээн ярьсан байсан юм.
Энэ жишээ зөвхөн Архангай аймгаар дуусахгүй байх. Бүх л сум, аймагт байгаа боловсон хүчин дээр тулгамдаж байгаа асуудал гээд хэлчихвэл хэтийдсэн дүгнэлт болохгүй. Нэг үеэ бодоход ХСИС энэ асуудлыг илүү анхаарч, боловсон хүчнийг мэргэших талаар илүү бэлтгэж байгаа нь үнэн. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, хэргийн газрын үзлэг шинжилгээ, мөрөөр сэжигтнийг олох зэрэг боловсон хүчнийг мэргэших талаар анхаарч ажиллаж байгаа ч малын эм тамгыг цээжил, зүслэ гэсэн тусгай хичээл ордог гэж ёстой сонсоогүй юм байна.
Тэгээд ч төгсөөд гарсан албан хаагчдыг хотынх, энэ нь хөдөөнийх учраас хөдөөдөө ажиллаг гэж томилдоггүй. 25 хүртлээ хотод амьдарчихсан хөдөөний амьдралын талаар “А” ч байхгүй “түүхий” нөхдийг шууд хөдөөгийн алслагдсан сум руу томилж орхидог нь энэ шүүмжлэл гарах нэг шалтгаан болж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг жижиг гэж орхихгүй анхаарах цаг болжээ. Машин барьж чадахгүй байх нь өнгөрсөн хэрэг гэж орхиж болох ч малын хулгай тулгамдсан асуудал болчихсон энэ үед “саарал” өнгөтэй адуу алга болсон тул гээд зогсож байх нь ёстой эмгэнэл болно биз дээ. Тиймээс уламжлалт мал аж ахуй, эм тамга, зүслүүлэх, хөдөө орон нутгийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудад албан хаагчдыг бэлтгэх хэрэгтэй болсон байна. Энэ бүхнийг хуулиар шийдэхгүй юм гэхэд сургууль нь сургалтын төлөвлөгөөндөө оруулж хийх хэрэгтэй болжээ. Сургалтын төлөвлөгөөнд эдгээр асуудлыг тусгаад ядахдаа эм тамгыг нь цээжлүүлээд зүслүүлчихвэл бусад асуудлыг нь албан хаагч өөрөө амьдралаас суралцах биз дүүрсэн хэрэг гэж орхиж болох юм.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох