Аль, аль нь бужигнаад байгаа юм биш үү
“Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэг хариултгүй таавар шиг улс төрийн амьдралд өрнөж байгаа үйл явдалд хэн нь илүү их хор хохирол учруулаад байгааг мэдэхээ болиод байна. Нэг талаас харахад, АН-ын гишүүд дотроо хагаралдаж төрийн ажлыг бужигнуулаад байгаа юм шиг харагдах ч нөгөө өнцгөөс харвал МАН дотроо хуваагдаж энэ хуваагдлаа ил гаргахгүй гэж хичээгээд байх шиг. Өнгөн дээрээ нэгдмэл юм шиг харагдаж байгаа ч зөрчлөө хамгийн сайн нууж чаддаг нь тэдний хамгийн сайн эзэмшсэн ур чадвар. Ингэж дүгнэхээр үйл явдлууд сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлаас харагдаж байгаа юм.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл УИХ-ын гишүүн С.Баярцогтын илэрхийлсэн байр суурь. Бүхэл бүтэн нэг яамыг толгойлж байсан, АН дотор багагүй нэр хүндтэй энэ хүний хэлсэн үг зүгээр ч нэг хувь гишүүний байр суурь биш гэдэг нь тодорхой байна. С.Баярцогтын амнаас хэзээ ч хийтэй, тооцоо судалгаагүй үг унахгүй. Популизм хийж болохгүй асуудал гэдгийг мэдэхгүйгээр санаан зоргоор амнаасаа үг унагадаг хүний нэг тэр биш. Михайлд нэг бодол бий гэдэг шиг л түүний хэлсэн үг бүхэн улс төрд нэг хөдөлгөөн оруулдаг гэдэг нь өнгөрсөн жилүүдэд хангалттай харагдсан. Хэвлэлүүд ч түүний хэлсэн үгийг мөлжиж, элдэв янзын таамаг өрнүүлээд эхэлчихлээ. Ерөнхийлөгч зөвшөөрч хэлэлцэлд урихыг С.Баярцогтоор дамжуулж уриалав. АН 2016 онд ялагдал хүлээх эрсдэл хүлээж байна. МАНАН хэрвээ байгуулагдвал АН-ын нэр хүнд шороотой хутгалдана гэх мэтийн улс төрийн таамаг яриа дуулдаж эхэллээ. Ер нь энгийн нэг гишүүний илэрхийлсэн байр сууринд ч нам нь тэгтлээ сандрах байсан уу гэдэг нь бас анхаарал татах л асуудал. Манай намын байр суурь биш гэх мэдэгдэл гаргаж, томоохон хэвлэл мэдээллээр төлбөртэй цацуулаад байна гэхээр АН ч гэсэн энэ асуудлаар хуваагдчихсан юм биш үү гэж хардахад хүргээд байгаа юм.
АН-ынхан хэзээ ч дотоод зөрчлөө нууцалж чаддаггүй. Олон фракциудын нэгдэл учраас энэ нам дотор амбийцдах амархан. Лидерүүд нь дотроо толхилцож эхэлсэн гэдгээ “Давхар дээл”- ийн санал хураалт, намын гишүүдийн Засгийн газраас гарах өргөдөл, мөн нам дотроо хуваагдан хариуцлага ярьж эхэлсэн Р.Бурмаа, Х.Тэмүүжин сайдын асуудлууд ил тод харуулчихсан. Энэ зөрчлөө ч одоо хүртэл гаргасаар байгаа. Р.Бурмаа гишүүн “Намын дарга намайг хөөнө гэсэн” хэмээн өчигдөрхөн ярьсан нь зөрчил улам даамжирч байгааг харууллаа. Нэгхэн жилийн настай тулгын гурван чулуу өржээ гэх бор шувуу ч эрчээ авчихаад байгаа юм. З.Энхболд дарга Х.Тэмүүжин нарыг буруутгаж, Х.Баттулга сайдын фракцийн гишүүд Засгийн газрын хувь заяагаар оролдож, Ерөнхийлөгч Х.Тэмүүжин сайдаас болж З.Энхболд даргатай маргалдсан гэх яриа бий.
Тэгвэл сүүлийн үед “МАНАН” байгуулах асуудлаар нам дотроо хуваагдаж эхэлсэн талаар яриа дуулдаж эхэлсэн. “МАНАН”-ын Засгийн газар суудал авах гэсэн Ардын намын нөхөд Ерөнхийлөгчийн өрөөгөөр эргэлдэж эхэлснийг ч албан бус эх сурвалжууд хэлсэн юм. Тэгэхээр С.Баярцогтын хэлсэн үг зүгээр ч нэг унагасан үг биш байжээ. Түүний хэлсэн үгэнд МАН-ын гишүүд ч ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй нь энэ талаархи яриа эртнээс явж байсан, одоо ч яригдаж байгаа гэдгийг харууллаа. МАН энэ асуудлыг удаа дараа ярьж байсан. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Улс эх орны эрх ашгийн төлөө хамтарч ажиллахыг буруутгах аргагүй” гэж хэлсэн байдаг. Цаашлаад намын дарга болохдоо Засгийн газарт орж ажиллах боломжийг бүрдүүлнэ хэмээн ам гарсан нь өнөөдрийг хүртэл хэвлэлийн хуудаснаа тод бичигдсэн байгаа. Улс төрийн тулхтай хүчний амнаас унасан энэ үг хэзээ ч үнэ цэнээ алдаагүй юм.
Тэгэхээр М.Энхболд даргын хувьд өнөө маргаашаа бодоод энэ саналыг хүлээж авах гэж зүтгэх нь мэдээж. Тэгвэл С.Бямбацогт гишүүн шал өөр байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэрбээр, бүлгийн байр суурийг илэрхийлэхдээ “Бид хамтрахгүй. Цаашдаа ч хамтрахгүй гэсэн байр сууринаасаа ухрахгүй” хэмээн мэлзэв. Тиймээс МАН энэ асуудлаар ч дотроо зөрчилдөж байгааг үгүйсгэх аргагүй болж байна. МАН- ын нөлөө бүхий гишүүн Н.Энхболдын бид хамтрахгүй гэх ярилцлага цахим сайтуудын онцлох хуудсанд өдөржин байрласан зэргээс харахад С.Баярцогт гишүүний хэлсэн үг улс төрийн намуудыг хөдөлгөөнд оруулжээ. С.Баяр Эвслийн Засгийн газар байгуулах санал тавьж байх үед МАН, АН адилхан хагаралдаж хуваагдаж байсан түүхтэй. Тэгвэл энэ түүх эргээд давтагдаж байгаа бололтой. Монголын түүхийн хоёр том толь гэгдэх улс төрийн хүчнүүдийн өмнө хоёрхон сонголт ирлээ. Өнөөдрийн эрх ашгаа бодож, албан тушаалын төлөө АН-тай нэгдэж Засгийн газар барих уу, эсвэл АН-ыг 2016 оны сонгуульд дарж авахын тулд сөрөг хүчний дүрдээ тоглож, өөрсдийнхөө хувь заяагаар дэнчин тавих уу гэдэг сонголтыг МАН хийх болоод байгаа юм.
АН-ын хувьд амлалтаа биелүүлэх, мөрийн хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхэд мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Эдийн засаг ийм хэцүү болчихсон, улс төрийн нөхцөл байдал ч амаргүй, итгэж найдсан “Шударга ёс” эвсэл нь нэг өдөр сайхан инээгээд, нөгөө өдөр нь муухай аашилж тэс хөндлөн зүйл яриад байгаа учраас МАН-ыг царайчлах сонголт тулгарч байгаа нь бас л үнэн. Цаашлаад Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжүүлэхэд МАН-ын гишүүдийн шийдвэр чухал нөлөөтэй. УИХ-ын гишүүдийн 3/2 дэмжсэн тохиолдолд энэ санал урагшаа явах учраас АН-д ямар ч сонголт байхгүй. Улс орныг барьцаалах асуудлаар АН-ын гишүүд бүр илүү амбийц гаргана. Жижигхэн асуудлаар ч хуваагдаж талцаж байгаа учраас энэ асуудал дээр дангаараа, эвсэл, бие даагчдыг оруулаад ч Өрийн удирдлагын тухай хуулиа баталж гаргаж чадахгүй юм. Гурван тэрбумыг нэмж зээлснээр бүтээн байгуулалтын ажлуудыг урагш явуулахаас өөр сонголтгүй болсон энэ үед АН-д эв нэгдлийн Засгийн газарт МАН-ыг урьж найр тавихаас өөр гарц байхгүй гэдэг өнцөг ч эндээс харагдлаа.
МАН өнөөдрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй обьект болж хувирчээ. Тэд эдгээр сонголтуудын өмнө хуваагдаж байгаа юм. Тэгэхээр дээр хэлсэнчлэн МАН хуваагдчихсан уу, АН хуваагдсан уу, эсвэл хоёулаа хоёр талд зөрчилдөөд байна уу гэдэг асуулт хариулт хүлээх нь тодорхой байна.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох