ЭМЯ-ны дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн Д.Нямхүү нар хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ төлөө огцор
Эрүүл мэндийн яаманд бугшсан хүнд суртал, хээл хахуулийн талаарх мэдээллүүд өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэргүүн нүүрэнд гарч байна. Гэхдээ энэ нь эмч, мэргэжилтнүүдийн мууд дурласандаа биш юм. Улс орны хамгийн чухал энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд алдаа гаргах эрхгүй ажиллах нь тэдний үүрэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хариуцлагагүй эмч, сувилагчдын гайгаар алтан амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирох иргэд эрс ихэслээ. Дөнгөж төрсөн нярай хүүхдийг халуун усанд түлсэн, төрсөн эмэгтэйн гэдсэн марль мартаж оёсон гэх мэт хүний санаанд буумгүй хэргүүд гарах болсон. Гэвч энэ салбарыг хариуцдаг сайд болоод эмнэлгүүдийн дарга нар ард иргэдийн эрүүл мэндээс илүүтэй салбарын нэр хүндээ илүүд үзэж ард түмнийг эрүүл мэндээр нь хохироож байна. Энэ явдлын тод жишээ бол өнгөрсөн оны аравдугаар сард сургууль дээрээ сахуу татрангийн товлолт вакцин хийлгэсэн Н.Энхбилэг охины хэрэг билээ.
Баянхонгор аймгийн ЕБС-ийн хоёрдугаар ангийн долоохон настай сурагч охины хувьд энэ өдрөөс хойш бүтэн долоон сарыг эмнэлгийн орон дээр өвчиндөө энэлэн шаналан хэвтэж өнгөрүүлсэн. Харин энэ хугацаанд бяцхан охины эрүүл мэнд өдрөөс өдөрт муудсаар эцэст нь эрэмдэг зэрэмдэг боллоо. Хамгийн харамсалтай нь эх орныхоо гэрэлт ирээдүй болсон бяцхан охин өнөөдөр эрүүл саруул байх бүрэн боломжтой байжээ. Тодруулбал товлолт вакцин хийлгэснийхээ дараа түүний бие эрс муудаж гарынх нь хуруу, хэл нь харлаж яаралтай нийслэлд хүргэгдэн ирсэний дараахантай хүлээж авсан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар вакцинаас болсон хэмээж байсан юм. Гэхдээ тэд төд удалгүй эхний оношоо үгүйсгэж анагаах ухаанд нэн ховор тохиолдох эмчилгээгүй өвчин хэмээх цоо шинэ онош гаргаж ирсэн юм. Эмгэнэлтэй гэмээр энэ оношоо баталгаатай гэдгийг нотлох гэж хөөрхий охины эрүүл мэндийг дэндүү гэмээр гаргуунд нь гаргаж бүтэн долоон сарын турш дорвитой эмчилгээ хийлгүй явсаар эцэст нь охин БНСУ-ын эмнэлгээс гэрэл гийсэн сайхан мэдээ сонсож ээжийнхээ хамтаар тус улсыг зорьсон. Охин одоо эрүүл саруул болоод нүүр дүүрэн мишээл тодруулсаар эх орондоо ирсэн.
Охиноо саяд ганц тохиолдох ховор төрлийн өвчтэй гэдгийг дуулсан эцэг эхийн хувьд дээрээс тэнгэр нураад ирэх шиг л хэцүү санагдаж байсан нь ойлгомжтой. Гэвч БНСУ-ын эмнэлэгээс охиныг ямар нэгэн хууч, тэр дундаа нэн ховор тохиолдох эдгэшгүй хүнд өвчтэй хэмээх оношыг үгүйсгэж энэ ердөө л вакцин тарихдаа бохир оруулсанаас болсон гэдгийг баталжээ. Ингээд ирж эмчилгээ хийлгэвэл эдгэрэх боломжтой гэх хариуг ирүүлснээр охин ээжийнхээ хамт Солонгос улсыг зорьсон юм. Хэдийгээр эрүүл саруул болоод ирсэн ч охин өнөөдөр гарынхаа найман хурууг тайруулж насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болон үлдэж байна. Хамгийн эмгэнэлтэй нь охин ийм болохгүй байж болох байлаа. Энэ нь манай эрүүл мэндийн салбарынхны итгэхийг хүсээгүй оношоос болсон. Манай улсын аль ч шатлалын эмнэлгүүд вакцин хийлгэх явцад бохир орж улмаар хүндрэл гарсан гэдгийг хүлээн завшөөрхийг хүсээгүй юм. Иймээс л эмчилгээ ч хийлгүй өвчин намдаах эм тариагаар өдөр хоногийг аргацааж байсан.
Тэр ч бүү хэл ХӨСҮТ-ийн захирал Г.Нямхүү телевизийн нэвтрүүлгээр орж хөөрхий охиныг төрөлхийн эдгэшгүй хүнд өвчтэй энэ нь вакцин хийлгэснээр илэрсэн хэмээн хээв нэг ярьж, хариуцлагагүй эмч, сувилагчдаа хир халдаахыг хүсээгүй юм. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ч түүнтэй яг адил зүйлийг хэвлэлүүдээр ярьж суусан нь өнөөдрийн манай эрүүл мэндийн салбарынхны үнэн нүүр царайг харуулсан зүйл боллоо. Тэд энэхүү байдлаа засаж сайжруулахын оронд өөрсдийгөө өмөөрч улам л дотогшоо болж байна. Дарга цэрэггүй үнэн байдлаа хүлээн зөвшөөрч чадалгүй хүн ардын эрүүл мэндээр тоглож байна. Юмны наад цааадахыг ч мэдэхгүй жаахан охиныг хүнд өвчтэй хэмээн нийгэмд худал мэдээлэл тарааж, үнэн зөвийг нягталж үзэхийн оронд эмч сувилагчдаа өмгөөлж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ төлөө Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар Н.Энхбилэг охин болон түүний гэр бүлийнхнээс уучлал гуйж албан тушаалаасаа огцрох нь зүйтэй болов уу.