Монголчууд дөрвөн аваргатай

Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Улаанбаатар хотноо болж өндөрлөв. Долоо дахь удаагаа болсон энэ тэмцээнд БНХАУ, Тайвань, Хонгконг, БНСУ, БНАСАУ, Монгол, Япон гэсэн долоон орны 90 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд бас багийн дүнгээр өрсөлдөв. Уг тэмцээнд ирсэн гадны багууд голдуу залуу тамирчдаас бүрдсэн байлаа. Тэр дотор Японы баг ямар бүрэлдэхүүнтэй ирсэн нь сонирхолтой байдаг. Универсиад наадмын мөнгө, хүрэл медальт, “Их дуулга” тэмцээний аварга Масаарү Момосэ тэдний багийн лидер нь байлаа. Гэвч аргагүй жүдогийн эх орон гэдэг нь харагдаж тэмцээний эхний өдөр япончууд долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртснээр Монголд болсон тэмцээний ээлжит түрүүгээ авах болзол хангасан юм.

Найман жилийн дараа энэ том тэмцээнийг эх орондоо хүлээн авсан Монголын цагаан өмсгөлтнүүд өмнөх амжилтаа ахиулж чадлаа. Дөрвөн алт, мөн төдий тооны мөнгө, 12 хүрэл медаль хүртснээр аман хүзүүдэв. 2006 онд Улаанбаатарт болсон анхны тэмцээнд ганцхан Х.Цагаанбаатар алтан медаль авч байснаас хойш тус тэмцээнд аварга болсон жүдоч гараагүй байсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвадорж, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 70 кг-д Ази тивийн аварга Ц.Наранжаргал нар аваргалав. Тэднээс илүүтэй магтаал хүртэхээр жүдоч нь хэн бэ гэвэл ОУХМ Г.Одбаяр. БНСУ-ын бөхөд вазари үнэлгээтэй хожигдож явснаа цаг дуусахаас өмнөхөн цэвэр орхиж түрүүлж анхны том амжилтын эзэн болов.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын босоо бөх Ц.Наранжаргал өрсөлдөгч бүрээсээ “толгой илүү” гэдгээ харуулсан. Манай шилдгийн нэг Д.Сумъяа аргагүй л аваргын энтэй жүдоч гэдгээ нотолж бүх Японы аварга шалгаруулах энэ жилийн тэмцээний хүрэл медальт Иоко Оног юүкогоор ялж аварга болох замаа зассан юм. Харин энэ тэмцээнд зайлшгүй аваргын тавцанд хүрнэ гэж горьдож байсан Азийн аварга Г.Болдбаатар, 66 кг-ын жингийн дэлхийн тэргүүн бөх Д.Төмөрхүлэг нарын амжилт чамлалтай. Яагаад гэхээр Д.Төмөрхүлэг хүрэл медаль дээр бууж, Г.Болдбаатар медаль ч үгүй үлдэв. Д.Төмөрхүлэг Бакугийн “Их дуулга”-д явж чадаагүй шарандаа энэ тэмцээнд аваргална гэдэг жаахан шаталттай барилдаад зорилгодоо хүрсэнгүй. Нийлбэр дүнгээр Японы баг түрүүлж манайхан удаалан, БНСУ-ын баг гуравт жагслаа.

Тэмцээний сүүлчийн өдөр болсон багийн тэмцээнд Монголын эрэгтэй жүдочид гаргуун сайхан барилдаж түрүүлсэн бол эмэгтэйчүүд Японы багт хол дийлдснээр хүрэл медаль авсан юм. Ийнхүү амжилтын зэрэгцээ бас сургамжтай нэгэн тэмцээнийг үдлээ. 

Д.НАДМИД

ЗУУНЫ МЭДЭЭ

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button