П.Цагаан: "Шилэн данс"-ны хууль батлагдснаар иргэд төсвийн зарцуулалтад хянах боломжтой болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачлагын хүрээнд олон ажил хийгдэхээр төлөвлөсний нэг нь “шилэн данс”-ны хууль байлаа. Гэвч УИХ-ын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Яагаад унасан шалтгааныг нэршил, зарим үг хэллэгтэй холбоотой гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тайлбарлаж байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-“Шилэн данс”-ны тухай хуулийг энгийнээр тайлбарлахгүй юу?

Маш энгийнээр тайлбарлахад улсын төсвийн зарцуулалтад алдаа гарлаа гэхэд хуучнаар бол 24 сар буюу дараагийн төсөв батлагдах үед л хэрэг илэрч байгаа юм. Тиймээс Засаг дарга асангууд хуулийн байгууллагад шалгагдаад яваад байна шүү дээ. Хэрвээ “шилэн данс”-ны хууль батлагдвал, төсвийн зарцуулалтад алдаа гарахад 24 сарын дараа бус харин 24 цагийн дотор илэрч, шалгах, алдааг тэр дор нь засварлах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл “шилэн данс”-ны давуу тал нь хугацаа алдахгүй болж байна. Мөн татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулсан эсэхийг иргэд өөрсдөө хянах боломжтой болно. Үүнээс улбаалан төрийн өндөр албан тушаалтан, төсөв зарцуулагчид гэмт хэрэгтэн болохоос урьдчилан сэргийлэх сайн талууд байгаа юм.

– Яагаад уначихав. Эсвэл дутуу, засаж сайжруулах зүйлс байсан юм уу?

– Бидний зүгээс батлагдчих байх гээд дутуу дулимаг хандсан зүйл байсныг үгүйсгэхгүй. Уг нь нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байсан хууль. Гэвч УИХ-ын гишүүд “шилэн” гэдэг үгийг л өөлсөөр байгаад унагалаа. Уг нь хүн бүрт ойлгомжтой үг хэллэг. Шил бол тунгалаг зүйл. Төрийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт шил шиг тунгалаг, нээлттэй, олон түмний хяналтанд байна гэж энэ нэршлийг сонгосон. Гэтэл гишүүд НҮБ-ын хэлээр юу гэж орчуулагдах юм гэсэн. Шил, данс гэдэг үгийг бүхий л хэл дээр орчуулж болно шүү дээ.  

-Хууль дотор “иргэдийн аудит” гэж байсан. Энэ нь хуулийн төслийг унагах шалтгаан болсон гэж ойлгоод байгаа. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Тэгсэн. Уг нь иргэдийн хяналтыг сайжруулах санаатай оруулсан. Тэгээд хэлэлцэх явцад завсарлах боломжтой гэж бодож байлаа. Өмнөд Солонгост иргэд нь хяналт тавьдаг сестэм байдаг юм билээ. Гэхдээ энэ бол чухал асуудал биш байсан.  

-Эндээс “Шилэн данс”-ны тухай хуулийг батлуулахгүй байх сонирхол байсан юм болов уу гэж бодогдлоо. Тийм зүйл ажиглагдсан уу?

-Манай УИХ-ын гишүүд нэгэнт шийдвэр гаргасан учраас буруутгах арга байхгүй. Гэхдээ тийм сонирхол бага байсан байх гэж бодож байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар бараг 90 гаруй хувь нь энэ хуулийг дэмжсэн байна лээ. Тэгэхээр дахин өргөн барихад гишүүд маань дэмжих байхаа гэж найдаж байна.

-Тэгвэл уг хуулийг “Шилэн данс”-ны гэдэг нэрээр нь дахин өргөн барина гэсэн үг үү?

-Тэгнэ. Энэ хуулийн нэр нь ч, агуулга нь ч энгийн ойлгомжтой байгаа. Оноосон нэртэй. Тэр бүү хэл хүний нэртэй хууль хүртэл байж л байдаг шүү дээ. Урт нэртэй хууль байна. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс өөр бүтнээр нь хэлдэг гишүүн бараг байхгүй байх. Харин “Шилэн данс”-ны хууль нь маш ойлгомжтой байгаа юм. Бид тус хуулиас гадна “Ухаалаг төр”-ийг төвхнүүлэх бодлого, зарчмын хүрээнд олон хуулийн төслийг өргөн барих болно.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button