Өрхийн орлогыг тодорхой түвшинд нэмэгдүүлэхгүй бол иргэдийн тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөл нь бүрдэхгүй
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Р.Дагватай ярилцлаа.
-Та Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийн сонголтоор гарч ирсэн төлөөлөгч. Тиймээс таны сонгогдсон тойргийн иргэдэд тулгамдаж буй асуудлаар яриагаа эхлүүлье?
-Би Сонгинохайрхан дүүргийн III, IV, V, XXVI, XVII хорооноос нийслэлийн Иргэдийн хуралд нэр дэвшиж, сонгогдсон. Сонгогдоод жил найман сар орчим ажиллаж байна. Манай тойргийн 90 гаруй хувь нь гэр хорооллын айлууд буюу Толгойт орчмын Улаанчулуутын хогийн цэгээс эхлээд дүүрэг хүртэл үргэлжилдэг. Харин XVII хоро маань арав гаруй орон сууцтай. Ер нь гэр хороололд тулгамдсан олон асуудал байдаг.
Гудамжны гэрэлтүүлэг, камер, нохой, худаг, явган хүний зам, жалган дээрх жижиг гүүрний асуудал гэх мэт. Цаашлаад сургууль, цэцэрлэг, тэнд амьдарч байгаа иргэдийн өрхийн бизнесийн асуудал зэрэг олон асуудал бий. Эдгээр асуудлыг бүгдийг нь нэг дор шийдвэрлэнэ гэвэл цаг хугацааны хувьд бэрх. Гэхдээ шийдвэрлэх гэж ажиллахаас өөр арга байхгүй. Тиймээс нийслэлийн ИТХ-д тойргийнхоо иргэдийн эрх ашиг, тулгамдаж байгаа олон асуудлыг байнга ярьж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвт сууж байна. Түүнчлэн дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд ч тодорхой хэмжээний хөрөнгө суурилуулж байгаа. Нэг хороонд дунджаар хамгийн багадаа 60-80 сая төгрөг, дээд тал нь 120-140 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг жил бүр тавиулж байгаа. Гэвч энэ бас л чамлалттай. Учир нь би МАН-аас сонгогдсон төлөөлөгч. Бид нийслэлд сөрөг хүчин болж байгаа. Тиймээс зарим талаараа бэрхшээл учирдаг. Харин сөрөг хүчнээс сонгогдсон гэдэг агуулгаар тойргийн эрх ашиг зөрчигдөнө гэвэл хатуу тэмцэнэ.
Энэ онд III хороонд усан сан хоёрыг барина. IV хорооны цэцэрлэгийн ажил эхэлчихлээ. V хороо маань гэр хорооллын дахин төлөвлөлтөд орчихсон байна. Дүүргийн 80 гаруй хувь нь гэр хороолол бий. Гэхдээ дахин төлөвлөж байна гээд нийтийн орон сууц барихдаа биш инженерийн шугам сүлжээг татаж өгөх хэрэгтэй. Үүнийг нь нийслэл хийж, улс бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Ингэснээр нийслэл агаар, хөрсний бохирдлоос салах юм. Нөгөө талаас иргэдэд бизнес эрхлэх бүх боломж нээгдэнэ. Хэрэв нийслэлд бонд гаргах эрх нь нээгдэх юм бол түүнийг гэр хороолол руу инежерийн шугам сүлжээ татах ажилд зарцуул гэдгийг хэлнэ. Тиймээс энэ ажилд нам, эвсэл гэлгүй нийтийн эрх ашгийн төлөө бүгд дэмжих хэрэгтэй. Харин XXVII хороо маань орон сууцны хороолол учраас иргэд камержуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулахыг хүсч байгаа. Гэхдээ иргэдийн хүсч байгаа зүйл сонирхолтой байдаг. Жишээлбэл, иргэд камержуулалтын ажлыг их шаарддаг. Дараа нь сургууль, цэцэрлэгийн ажил орж ирдэг. Бид бол сургууль, цэцэрлэг чухал байх гэж ойлгодог, тэр тал руу асуудлыг ярьдаг. Харин иргэдээс санал авахад камерын ажил илүү санал авдаг. Одоо манай дүүрэг гурван цагдаагийн хэлтэстэй болсон. Өмнө нь нэг байсан шүү дээ.
-Дээрх асуудлыг иргэн бүр л хэлдэг. Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд эмнэлгийн асуудал хүнд байгаа шүү дээ?
-Өмнөх дөрвөн жилээс эхлээд Улаанбаатар хотод жишиг эмнэлэг байгуулах зориулалтаар Азийн хөгжлийн банктай хамтарсан гэрээ хийж, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хажууд 22 сая ам.доллараар өргөтгөлийн ажлыг хийхээр ажил нь явагдаж байна. Энэ ажил маань хараахан дуусаагүй байна. Ажил нь эхлээд гурван жил болж байна. Дүүрэг болон тойргийн хүн амын тоог бусадтай харьцуулахад зөвхөн манай тойргийн хүн амын тоо нь Дундговь аймгийн хүн амтай тэнцэхүйц байдаг. Тэгэхээр аймгийн төсөвтэй тэнцэх хэмжээний төсвийг тавьж өгөөгүй тохиолдолд ажил явуулахад бэрх. Хүн амын төвлөрөл нь дүүрэг, тойргийн хэмжээнд бэрхшээл болдог. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд мэргэжилтэн нь дутах, автобусны тоог нэмээд байхад мөн л хүрэлцэхгүй байх жишээтэй. Гэхдээ би үүнийг бэрхшээл гэж хардаггүй.
-Яагаад?
-Хамгийн эцсийн үнэт капитал нь хүн юм. Тэгэхээр бид бусад дүүргээс давуу талтай. Бидэнд үнэт капитал байгаа цагт цаашдын хөгжлийн гарцаа аяж харах вэ гэдгийг тооцоолох ёстой. Би өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хувьд тэргүүлэх салбаруудыг томъёолсон. Хүн амын тоо, дэд бүтцийн онцлог, өрхийн чадамж, хүмүүсийн мэргэжил боловсролоос гадна газарзүйн байршил гэх мэтийг тооцож түлхүү хөгжүүлэх салбарыг тодорхойлсон.
-Эдийн засгийн тэргүүлэх салбараа хэрхэн томъёолсон бэ?
-120 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Энэ том газар
нутагт сүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийг санхүүгийн болон эрхзүйн орчноор дэмжлэг үзүүлэх ёстой. Мөн мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг ч бүх талаас нь дэмжих хэрэгтэй. Гуравт, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсийг дэмжих ёстой юм. Дараа нь оёмол эдлэлийн бизнес эрхлэгчид болон өрхийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр тодорхой бодлоготой байх ёстой юм.
Иргэдийн өрхийн орлогыг тодорхой төвшинд нэмэгдүүлэхгүй бол тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөл нь бүрдэхгүй. Бид хэдийгээр сургууль цэцэрлэг, тохижилт гэх мэт асуудлыг ярьж эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх мэт байгаа боловч нөгөө талаасаа хувь хүн маань стресснээс гарахгүй. Стресст орсон хүн эрүүл байх боломжгүй шүү дээ. Түүнчлэн тухайн хүн болон тухайн өрхөд үр дүн гарахгүй юм. Улмаар эрүү мэндээ мэндээ алдвал өрхийн орлогоосоо чангаана.
-361 дүгээр гарамд аж үйлдвэрийн парк байгуулах тухай сонссон?
-Энэ ажил цаасан дээр л байгаа. Одоогоор тийшээ хийгдсэн хөрөнгө оруулалт алга, нийслэлийн зүгээс ч дорвитой хийсэн ажил байхгүй байна. Сонирхож байгаа аж ахуйн нэгж ч алга. Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх чигт 361 дүгээр гарамыг аж үйлдвэрийн парк болгоно гэсэн ерөнхий төлөвлөгөө л байгаа.
Ер нь нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан дүүрэг нийслэлээс санхүүгийн татаас авч амьдардаг ганц дүүрэг. Жилдээ хоёр тэрбум төгрөгийн татаас авдаг. Учир нь дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчдийн томоохныг нь улс авчихдаг. Арай бололцооныхыг нь нийслэл авчихна. Тэгэхээр дүүрэгт найман нэрийн барааны дэлгүүр болон орлогыг нь тодорхойлох боломжгүй наймаа эрхэлдэг хүмүүсийн татвар үлддэг. Тиймээс дүүргийн татварын бааз суурийг нэмэгдүүлэх нь энэ дүүргийн хөгжлийн хөшүүрэг болох юм. Тэгэхээр зарим татварыг дүүрэгт үлдээх хэрэгтэй.
-Та энэ талаар нийслэлийн ИТХ болон холбогдох хүмүүст уламжилсан уу?
-Их ярьж байгаа. Дүүргээс сонгогдсон бусад төлөөлөгч нар ч нам, эсвэл гэлтгүй дэмжих хэрэгтэй тухай хэлсэн. Гэхдээ бүгд дэмжиж байгаа юм. Тэр ч утгаараа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг автомашины худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүрэгт гаргахаар болсон. Гэхдээ татварын хэдэн хувийг нийслэл, хэдийг нь дүүрэг авах нь тодорхойгүй байгаа. Ямар ч байсан дүүргийн татварын баазад нэмэлт болно гэж бодож байгаа. Мөн худалдааны төвөөр үйлчлүүлэх хүмүүсийг дагаад үйлчилгээнүүд хөгжинө. Харин үүнд дүүргийн иргэдийг яаж хамруулах вэ, ямар боломжтой байна вэ гэдгийг л эрэлхийлж байна. Юуны төлөө худалдааны төвийг авчрахаар болсон билээ дээ.
-МАН-ын төлөөлөгчид АН-ын ажилд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ. Энэ талаархи таны бодлыг сонирхмоор байна?
-МАН-ын хүмүүс эрх барьж нийслэлийг удирдаж байхад төсөв хөрөнгө гэж юу байлаа гэдгийг л хэлнэ. Миний мэдэхээр Г.Мөнхбаяр даргын үед хөрөнгө оруулалтын ажил нь 60, 70 тэрбум төгрөг л байсан. Гэтэл одоо зөвхөн хөрөнгө оруулалтын хэмжээ 700, 800 тэрбум төгрөг байна. Мөн Засгийн газраас авч байгаа бондын мөнгө, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалт байна. Тэгэхээр ялгаа гарна шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газар гараад хоёр жил орчим боллоо. Энэ хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх байсан. Гэвч хэтэрхий цаастай зууралдаж байна гэж хэлэх байна. Түүнээс биш амьдрал дунд ажил өрнөхгүй байна.
Дүрэм журмыг их боловсруулж, өөрчлөх гэх мэтээр цаасан дээр л ажиллаад байна. Тиймээс сөрөг хүчин болох МАН ажил, үр дүнг нэхэх цаг нь болсон. Өнгөрсөн бүх хугацаанд Ардын нам эрх барьж байсан учраас шүүмжилдэг байсан. Ингэхдээ төсөв санхүүг бодолцохгүй, ажил муу байна л гэдэг байсан. Гэхдээ бүгд сайн байсан гэж хэлэхгүй. Алдаатай зүйл байсныг үгүйсгэх аргагүй. Бид сөрөг хүчин гэдгээрээ нийслэлийн ажлыг нэг ч удаа гацааж үзээгүй. Иргэдийн хурлын үеэр нийслэлийн иргэдийн эрх ашигтай холбоотой асуудпаар МАН завсарлага авч, унагасан тохиолдол байхгүй. Бид хариуцлагаа ухамсарлаж байгаа юм. Гэхдээ өмнөх туршлага дээрээ тулгуурлаад алдаа, оноог байнга хэлдэг. Иргэдийн сонголтыг авсан хүмүүсийг юу хийж, хэлж байгааг тэмдэглэж байгаа.
-Дүрэм журмын хэрэгжилтийг хэн хангах ёстой юм бэ?
-Ер нь бол нийслэлийн ИТХ өөрийнхөө гаргасан шийдвэрийг хянах ёстой. Гүйцэтгэлийн тайланг нэхэх ёстой. Гэвч энэ ажил сул байна. Зарим нэг удирдах төвшиний нөхдүүд “Өнгөрсөн хугацаанд их алдаа гарсан. Тэр алдааг засах гэж хугацаа авлаа” гэж ярьдаг.
-Концессын гэрээний талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан санагдана?
-Концесс гэдэг нь нийслэл ирэх жилүүдийн санхүүгийн боломжоо харж байгаад өр тавьж хийлгэдэг ажил. Гэтэл 2014 концессын гэрээгээр хийгдэх ажлуудад Гүнтийн зам гэх мэт хотын захад байгаа тойргийн замыг хийх шийдвэр гарсан. Би тухайн үед ганцаараа хэлээд дийлээгүй. Үүний оронд зарим гэр хорооллын дундах замыг сайжруулах, автозам тавих ажлыг хийхийг хэлж байсан. Үүнийг дагаад гэрэлтүүлэг, камер, явган хүний зам гэх мэт ажил хүчээр хийгдэх юм. Энэ нь хялбар арга, хямд өртгөөр их дүнтэй ажлыг хийх гэж байна уу гэдэг хардлагыг төрүүлж байгаа юм.
Өр тавьж хийлгэх гэж байгаа юм бол нэлээд өгөөжтэй ажлыг л хийлгэх ёстой. Бондын асуудал байна. Хууль нь шийдэгдэж, эрхзүйн асуудал нь тодорхой болоогүй байгаа хэдий ч хөрөнгийг үр дүнтэй зарцуулах л хэрэгтэй. АН нөхдүүд маань тун боломжийн нөхцөлд ажил хийж байгаа учраас боломжийг сайн ашиглаж, нийтийн эрх ашгийн төлөө өгөөжтэй ажил хийгээсэй л гэж бодож байна. Бид нийтийн эрх ашиг, цаашлаад Монгол Улсын нүүр царайны төлөө олдсон боломжийг зөв ашиглаасай гэж хүсч байна.
Нийслэл таймс
Г.Баярцэцэг