Жижиг худалдааг хавчаасай
Наймаачдыг хүн чанар тун муутай гэх ойлголт өнө эртнээс байсан. Ийм ч болохоор өөрсдийн нутаг оронгүй еврей, цыганууд энэ ажлыг хийдэг байж. Хожим зөвхөн энэ шалтгаанаар л тэднийг үзэн ядаж үй олноор нь хэлмэгдүүлсэн юм.
Харин өнөө үед бизнесмэнүүд нь дэлхийн хаана ч хамгийн нэр хүндтэй хүмүүсийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. Манай улсын хувьд ч зах зээлийн чөлөөт нийгмийг сонгож хэдийнэ 25 жилийг туулжээ. Улсдаа баялаг бүтээж, татвар төлж яваа хэсэг бүлэг уг нь хамгийн нүдэнд дулаахан харагдах учиртай. Гэтэл бидний нийгэмд тэднийг ад шоо үзэн “шулаачид”, “муусайн баячууд” гэх нүдээр хардаг хэсэг байна. Наймаачдыг муу хүмүүс болгож харагдуулаад байгаа нь томоохон бизнесмэнүүд биш жижиг гарын худалдаачид юм даа. Тиймээс мөнгөтэй хүмүүс нь зарим жижиг наймаануудыг хавчиж, нэгэн гарт оруулж өөрийн болгож авах хэрэгтэй байна.
Гадаадад бизнесмэнүүд нь нэр хүндтэй байгаагийн шалтгаан нь ч ердөө л энэ юм. Жишээ татъя. Баяр ёслол, гамшиг өөр юу ч байдаг юм гэнэтийн зүйлс тулгарахад зах зээл хөгжсөн орны дэлгүүрүүд нь бараагаа салам хямдруулаад л зарж орхидог. Баярын өмнө дэлгүүр хэсч яваа иргэдийнх нь нүүрэнд инээмсэглэл тодроод л. Гэтэл манайд баяр дөхөнгүүт л хамаг юмны үнэ нэмэгддэг болчихсон. Цалингаа авсан хүмүүс худалдааны зах, төвүүдээр хөмсөг атируулаад л явж байдаг дүр зураг бий. Хямрал, валютын алдагдлаас болж үнэ хөлсөө нэмсэн бол ойлгож болно. Гэтэл зөвхөн эрэлт нь ихэссэн шалтгаанаар үнээ нэмчихдэг гаж явдлыг юу гэх вэ. Тухайлбал, сүүлийн хэдэн өдөр хүйтэрсэн болохоор гэр хороололд жижиглэнгээр түлш худалддаг хүмүүс мод, нүүрснийхээ үнийг өдөрт л 500-1000 төгрөгөөр нэмээд байгаа гэх.
Үүнээс үүдээд дундаж иргэд өөрийн харилцаж байгаа худалдаачдаар нийт бизнесийг хүрээг харахад хүргэж байгаа хэрэг. Худалдааны соёлыг түгээхийн тулд нүүрс, түлээнээс эхлээд наадмаар хуушуур, цагаан сараар дээл, бууз, шинэ жилээр саа, сальют худалддаг явдлыг тус тусад нь томоохон компаниуд өөртөө авах хэрэгтэй. Ингээд аливаа баяр, зовлонгоор хямдардаггүй юм гэхэд нэмэгддэггүй хөдөлбөргүй үнэтэй болговол хүмүүс баярлахаас гадна бизнесийнхний нэр хүнд ч өсөх билээ.
Нийслэл таймс
Ж.Баяр