Энэ жил ногоон байгууламжид хэдэн саяыг зарцуулах вэ

Өнгөрсөн жил өнгө үзэмж хотын соёлоос авахуулаад ногоон байгууламжинд онцгой анхаарал хандуулан дүүрэг бүрийг цэцгийн мандлаар чимсэн нь үнэхээр сайшаалтай хэрэг болсон. Гэвч ногоон байгууламжийг сайжруулах ажлын хүрээнд цэцгийн мандал суулгахад 315 сая төгрөгийг зарцуулсан нь арай л хэрээс хэтэрсэн зардал боллоо гэж багагүй шүүмжилсэн.

Төв талбайгаас аваад есөн дүүрэг, нийтийн эзэмшлийн 64 гудамж талбайд хийгдсэн цэцэгжүүлэх ажилд дээр дурдсан хөрөнгө мөнгийг бүхэлд нь зарцуулсан. Уг нь нийслэл хотод машин тэрэг олон тоосжилт их учраас ногоон байгууламж байгуулах нь зүй ёсны хэрэг. Гэвч 315 сая төгрөгөөр суулгасан цэцгэн мандал байгалийн жамаараа хатах нь хатаад хагдрах нь хагдраад нөгөө их сая төгрөг салхинд хийсээд үргүй зардалын тоо хэдэн саяаар нэмэгдсэн.

Нэг наст цэцэг хэмээн нэрийдэх цэцэгс зун, намартаа ургаад дараа жил нь ургадаггүй. Тиймээс энэ жил дахин шинэ суулгац, үрсэлгээ тарьж ургуулдаг ба арчилгаа тордолгоог ч мөн л дахин хийнэ. Яахав, гандуу бүүдгэр өнгө ноёлсон нийслэл маань ганцхан зуны гангараандаа 315 саяыг хаяж байна гэдэг дэндүү их тоо.

Нэгэнт хийчихсэн цэцгийн мандлын хайс, хөрс шороо, усалгааны систем гээд багагүй хөрөнгө мөнгөөр хийсэн нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг дараа жил нь ашиглалгүй үлдээхгүйн тулд дахиад л цэцэг тарих нь мэдээж. Энэ талаар Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Хот тохижилтын газар болоод дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдийн холбогдох мэргэжилтнүүдээс тодруулахад энэ  жил талбайг нь ихэсгэн дахин тарина мэдээллээ. Өнгө өнгөөр алаглах цэцгийн мандлуудаар хот орчноо чимэглэх нь буруу биш л дээ.

Наандаж л жуулчдын өмнө нүүр улайхааргүй болж дагаад хот орчны үзэмж сайжирна. Нэгэнт л хөрөнгө мөнгө гаргаж байгаа хойно нэг жилийн наст ургамал биш олон наст цэцэг, ургамал тарьвал эдийн засгийн хувьд ч  хэмнэлттэй. Энэ жил ногоон байгууламжийн ажил эхлэж буй. Цэцэрлэгжүүлэлт зүлэгжүүлэлт гээд ногоон хантаазтангуудын ажил ид өрнөх үеэр ногоон байгууламжинд хэдэн сая төгрөг зарцуулах талаар холбогдох албаныханаас тодрууллаа.

 

НЗАА-ны Тохижилт, хог хаягдал удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр: Ногоон байгууламжинд зарцуулах хөрөнгө өссөн

-Энэ жил ногоон байгууламжийг ямар талбайд хэдэн төгрөгөөр хийх вэ?

-Өнгөрсөн жил нийслэлд 46 мянган м.кв талбайг ногоон байгууламжийн арчлалт, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийг хийн 4.6 тэрбум төгрөг зарцуулсан.Энэ жил 85 гудамж, 66 мянган м.кв талбайд ногоон байгууламжийн арчлалт зүлэгжүүлэлт хийгдэнэ. Үүнд 5.6 тэрбум төгрөг зарцуулна.

 

-Олон наст ургамлыг ногоон байгууламжинд суулгана гэсэн асуудал яригдсан. Энэ хэр боломжтой вэ?

-Хотын ногоон байгууламжинд олон наст ургамлыг тарихаар судалж үзсэн. Хотын тохижилт, өнгө үзэмжийг илтгэдэг ургамлууд голдуу 1-2 настай байдаг. Олон улсын жишигт ч ийм. Бид энэ жил цэцэгжүүлэлтэнд 1-2 настай ургамлуудыг тарихаар төлөвлөөд байгаа. Зүлгэний хувьд олон наст зүлгийн үрийг тарина.  Энэ жил бид өнгөний сонголт гээд олон зүйлсийн өмнөх жилээсээ сайжруулахаар төлөвлөсөн. Тиймээс ногоон байгууламждаа улаан, цагаан, шар, улаан шар гэсэн гэгээлэг өнгийг сонгосон.

-Арчлалт, тордолт дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

-Арчлалт, хамгаалалт дээр бид энэ жил 20 гаруй жил завсарлаад байсан нэг ажлыг эхлүүлсэн нь мэргэжлийн цэцэрлэгч юм.  Үүнийг бид бодлогоор гаргаж ирсэн. Үндсэндээ 90-ээд оноос хойш цэцэрлэгч бэлтгэх ажил тасарсан. Зарим нэг газрууд цөөн тооны цэцэрлэгч бэлдэж байсан. Энэ жил 250 цэцэрлэгч нийслэлийн ногоон байгууламжид ажиллана. Тэдний хөдөлмөрийн хөлсийг 600 гаруй мянган төгрөг байхаар тогтоосон.

 

-Ногоон байгууламжийн ажил хэзээ эхлэх үү?

-Баянзүрх дүүргээс ногоон байгууламжийн ажил эхэлсэн. Бүх хотын гудамж зам талбай гээд тохижилт хийх 85 гудамжинд манай хүмүүс талбайн арчилгаа, цэвэрлэгээ, усалгаагаа хийгээд явна. Нийслэлд хаврын улиралд тоосжилт их байгаатай холбогдуулаад  хотыг өглөөний цагаар угааж, усалгаа хийж эхэлсэн. Өглөө 05.00-09.00 цагийн хооронд нийслэл хотыг зам талбайг угаах ажил явагдаж байгаа.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button