“Forbes”-ийнхон мөнгийг хэрхэн “хийдэг” вэ
“Чи өөрийгөө хэдий тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж хэлж болох ч “Forbes”-ийн жагсаалтад багтаагүй л бол хэн ч биш” гэх энэхүү бичигдээгүй хууль баруунд үйлчилсэн хэвээр байна. Үйлчлэх ч ёстой гэж үзэж байх шиг.
Учир нь таны дансны мэдүүлэг, орлого зарлага, байр орон сууц, машин тэрэг, тансаг эдлэн гээд бүх зүйлийг чинь шинжээчид үнэлээд тэрбум гаруй ам.доллар хүрлээ ч гэсэн энэ нь “Forbes”-оос өөр сэтгүүлд нийтлэгдвэл “баталгаагүй” гэсэн үг юм. Их Британийн “Times” сонин 2004 онд “Forbes”-ийн эсрэг “дайн” зарлалаа. Дэлхийн шилдэг сэтгүүлийн эсрэг будант улсын топ сонин. Тус сонины хамгийн их худалдаалагддаг амралтын өдрийн дугаарт “Forbes” хэрхэн мөнгө “хийдэг” вэ” хэмээх гарчигтай нийтлэл олны анхаарлыг татлаа.
Нийтлэлээс эшлэвэл “Америкийн баячууд өөрсдийнхөө хөрөнгийг их болгохын тулд “Forbes” сэтгүүлийн “Дэлхийн баячууд” жагсаалтыг бий болгосон. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үед ч, бусад үед ч гадаадын бизнесмэнүүд АНУ-д хөрөнгө оруулах, тэнд тансаг эдлэн худалдаж авах, суурьшихад сэдэл төрүүлэх зорилготой. Зорилгодоо ч хүрдэг. Хэрэв сэтгүүлийн жагсаалтад багтаагүй бол тэрбумтан саятан болж хувирдаг. Түүний хүрээлэл нь ч саятнуудын хэмжээнд л байх болно. Харин тэрбум хөрөнгөтэй гэдгийг нь зөвхөн сэтгүүлийн ажилтнууд тодорхойлж, энэ нь “Forbes”-т бичигдэж баталгаажих ёстой. Баячууд үүний тулд мөнгө төлдөг. АНУ-ын Засгийн газар ч тус сэтгүүлээс гаргасан баячуудын жагсаалтыг хүлээн зөвшөөрдөг” гэжээ.
Шотландад эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байсан Берти Чарльз Форбес 1917 онд Нью-Йоркт ирээд дэлхийн хамгийн нөлөө бүхий сэтгүүл “Forbes”-ийг байгуулсан юм. Хэдийгээр эхний жилүүдэд орлого тааруу байсан ч сонирхолтой нийтлэл, сайн бэлтгэсэн судалгаануудыг нь гүйцэх сэтгүүл байсангүй. Гэсэн ч “Forbes” гэх нэрийг гаргаж ирж, таниулсан.
1954 онд Берти таалал төгсөж, хүү Мальколм Стивенсон Форбес нь өвлөн авсан юм. “Forbes”-ийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлсон хүн бол Мальколм юм. Тэрбээр сэтгүүлээ хүмүүсийн хамгийн их сонирхдог, сонгодог сэтгүүл болгож чадсан. Тиймдээ ч нийтлэлийн бодлогоо чөлөөтэй болгож, улс төрийн амьдралд нөлөөлөх хэмжээнд хүргэжээ. Өдгөө сэтгүүлийн ерөнхий редактороор Мальколмын хүү Стив Форбес ажиллаж байна. Тэр бол “Forbes”-оор хэрхэн мөнгө олох тухай сэтгэж чадсан нэгэн юм. Стивийн гаргаж ирсэн уриа бол “Дэлхийн топ бизнесмэнүүдийн нэгдсэн мэдээлэл” байлаа. Энэ уриандаа ч хүрсэн бөгөөд үүний тулд баячууд тодорхой хэмжээний төлбөр төлдөг болсон байна. Өөрөөр хэлбэл, “нэр хүндтэй сэтгүүлд залрахын тулд шударгаар төлбөр төлөх ёстой” гэсэн бичигдээгүй хууль юм.
“Times” сонин “Forbes”-ийн энэ ажиллагааг буруушаасан ч нэгэнт эрчээ авсан нэр хүндтэй сэтгүүлийн эсрэг “сөрөн зогсож” чадсангүй. Тус сэтгүүлийг хэвлэл мэдээллийн байгууллага гэхээс илүүтэй бизнесийн байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй гэж Английн сониныхон нийтлэлээрээ илэрхийлэхийг хүссэн байна. Гэхдээ “Times” сониныхонд дуулгах сайн мэдээ бол сүүлийн 3-4 жилд “Forbes”-т сайн дураараа бичигдэх тэрбумтнуудын тоо цөөрсөн байна.
Өнгөрсөн онд тус сэтгүүл уламжлал болгон “Дэлхийн баячуудын жагсаалт”-аа гаргахад хөрөнгө орлогын тайлангаа нийтлэхээс татгалзсан буюу “Х” тэрбумтнуудын тоо 1000 гарсан байв. Өөрөөр хэлбэл, эдгээр тэрбумтнууд “Forbes”-т мөнгө төлж нэр хүнд олохоос татгалзсан гэсэн үг юм.
Өглөөний сонин
С.Цээл