Хувиргасан амьд организмыг шинжлэх лаборатори нээгдлээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн “Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв” нээгдлээ. Энэ төв нь үндэсний хэмжээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлага, бүтэц, монгол орны ургамал амьтны гаралтай хүнсний түүхий эд, материалын биологийн төрөл зүйлийн судалгаа, нийгэмд чиглэсэн үндэсний хэмжээний зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрдэм шинжилгээний бүрэн хүч чадал бүхий лаборатори юм байна.
Тус “Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв” нь химийн бүрдлийн судалгааны лаборатори, молекул биологи, генетикийн лаборатори, дархлал, зохицуулах үйлчилгээний судалгааны лаборатори гэсэн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх юм. Түүнчлэн хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг илрүүлж, тодорхойлон шинжлэх аж. “Хувиргасан амьд организм” гэж орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг хэлдэг байна.
“Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв”-ийн Молекул биологи, генетикийн лаборатори нь амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний удмын санг судлах, баталгаажуулах, хүнсээр дамжин эмгэг үүсгэгч бичил биетэнтэй тэмцэх, хянах талаар судалгаа хийх, шилжмэл гентэй хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэдгээрийн эзлэх хувийг өндөр нарийвчлалтай судлах ажээ.
Оллоо.мн