Лениний музей балгас болж, тусгаар тогтнолын ордон хөрөнгөжжээ

Эрх чөлөөний талбайн хойно “Чандмань” нэртэй сүрхий барилга байдаг байлаа. Овоо хэдэн жилийн өмнө шүү дээ. Сүүлдээ “Юнител”-ий нэг томоохон салбар болсон. Нийслэлийн МАН-ын байр ч байсан байх. Мөн “Окта” төв болж, хүн бүр түүгээр нь мэддэг болов. Одоо “MGLPlaza” гэсэн хаягтай байгаа. Хамгийн гол нь тийм ч олон хүн энэ барилгыг Лениний музей гэдгийг мэддэггүй байсан байх. Тэр дундаа залуучууд бол бүр мэддэггүй байсан. Үнэндээ Лениний музей гэж байгаад, тэнд нь ямар үзмэр байсныг мэдэх хүн тун цөөн байх. Хөгшид л орж үзэж, үзмэрийг харж байсан байж магадгүй юм.

 

Уг нь энэ барилгыг анх МАХН- ын Төв хорооны Улс төрийн товчооны 1973 оны дөрөвдүгээр сарын 30-ны 103, Сайд нарын Зөвлөлийн 264 дүгээр тогтоолоор Улаанбаатарт пролетарийн их удирдагч В.И.Ленинд зориулсан музейн барилга бариулах шийдвэр гарч, зураг төслийг нь урлуулж, дараа оных нь арваннэгдүгээр сарын 5-нд барилгын суурь тавих ёслол үйлджээ.

 

Тухайн үеийн Соёлын яамны захиалгаар улсын төсвөөс мөнгийг нь гаргаж музейн барилгыг босгосон гэдэг. Владимир Ильичид манайхан , энэ барилга баригдахаас өмнө музей байгуулаад өгчихсөн байсан гэдэг. 1967 онд Сайд нарын Зөвлөл тогтоол гарган Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан Лениний музейг ашиглалтад оруулахыг   ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэвт даалгаснаар Улсын төв музейн барилгад өргөтгөл хийж тухайн үеийн ЗХУ-ын Коммунист намын дэргэдэх Лениний музейн үзмэрүүдээс хуулбарлан авчирч байжээ. Дараа нь Хувьсгалын музейн барилга баригдсан тул Лениний музейн сан хөмрөг болон ЗХУ- ын Төв музейгээс ирүүлсэн үзмэрээр баяжуулж өргөтгөн 10 танхимыг Владимир Ильичид зориулав. Улмаар эдгээр танхимд “Разливт”, “Аврорын анхны уриа” зэрэг панорамм болон гэрлэн чимэглэлд өөрчлөлт хийжээ. Энэ үед Оросоос ирүүлсэн баримт материал, Ленинтэй холбоотой уран бүтээл, үзмэрүүдийг хүмүүсээс худалдан авах замаар үзмэрээ баяжуулж байсан. Ингэснээр танхимдаа 2237 үзмэрээ дэлгэж, сан хөмрөгтөө 2726, нийт 4963 үзмэртэй болсон байжээ. Азид байхгүй музейтэй боллоо гэж гайхуулж байсан уг барилгыг барихад 34 сая төгрөг зарцуулж, 1980 оны долдугаар сарын 9-нд ашиглалтад оруулж Намын түүхийн институтийн мэдэлд өгсөн байна. Ямар ч байсан Ленины музей ийм түүхтэй, үзмэртэй байж. Сүүлдээ л оффис болчихсон болохоос биш. Харин гэнэт л сүулийн хоёр жил энэхүү барилгыг музейн зориулалттай гэдгийг санаж, Үлэг гүрвэлийн музей болгохоор зүтгэж эхэлсэн. Энэ үйл явц өнөөдрийг хуртэл үргэлжилсээр л байгаа.

 

Музейн барилгын хаалгыг лацаджээ

 

Сүүлийн үед Лениний музейн барилга, үзмэртэй холбоотой олон асуудал урган гарч ирээд байгаа. Олон янзын мэдээлэл ч гарсан. Тиймээс манай сурвалжлах хэсэг өчигдөр явж, бага ч гэсэн үнэн зөв мэдээлэл олохыг зорьсон юм. Ямар ч байсан сурвалжлагын эхэнд “Чандмань”, “ОКТА” гээд янз бүрийн төв болж, МАН-ын мэдэлд байсан байшин улсын өмч, тэгээд музей байсан, тэнд нь олон тооны үзмэртэй байсан гэдгийг дурьдсан нь учиртай. Манай сурвалжлах хэсэг өчигдөр хамгийн түрүүнд Лениний музейд очлоо. Биднийг очиход Лениний музейн барилгын хаалгыг лацдаж, үүдэнд нь 24 цагийн харуул хамгаалалт гаргасан байна. “Есөн эрдэнэ” хамгаалалтын албаны хамгаалагчид музейн барилгыг хамгаалж байгаа юм байна. Энэ сарын 8-ны өдөр ТӨХ хуралдаж, Лениний музейн барилгыг ССАЖЯ-нд албан ёсоор хүлээлгэж өгсөн байгаа. Тэгэхээр яамны зүгээс харуул хамгаалалт тавьж, хүн ойртуулахгүй байхаар шийдсэн бололтой юм. Ямар ч байсан Лениний музейн барилга төрийн өмчид очиж, удахгүй засвараа эхэлж, Үлэг гүрвэлийн музей болохдоо бэлтгэж эхэлсэн бололтой юм. Тэгвэл Лениний музейн барилгыг ССАЖЯ-нд хүлээлгэж өгсөн талаар ТӨХ- ны дарга Д.Цогтбаатар “2013 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлээд бид Лениний музейн асуудлыг ярьсан. Жил болж байж гурван шатны шүүхээр орж, төрийн өмчөө тогтоолгож авсан. ССАЖЯ-ны зүгээс санаачилгатай ажиллаж, хичээл зүтгэл гаргасны үр дүнд бид Лениний музейг төрийн өмч болгож авсан. Тэгээд шүүхийн шийдвэр гарч, энэхүү барилгыг хүлээлцэж авсан. Хүлээлцэх явцад хүндрэлтэй зүйл гарсан. Өөрөөр хэлбэл, яаж эзэмшиж байсан бэ гэдэг нь харагдсан. Нөхцөл байдал маш хүнд байсан. Тоноод, сүйтгээд явчихсан юм шиг байсан” хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Бид Ленины музейн барилга дээр очсоны дараа ССАЖЯ-нд очиж, зарим зүйлийг тодруулах гэв. Тухайлбал, музейн барилгын засвар хэзээ эхлэх, үзмэрүүдийг нь яаж байгаа зэрэг асуудал их байгаа. Гэвч яамны нөхдүүд мэдэхгүй гээд, мэдцэг зарим нь ажилдаа ирээгүй байгаа учраас ямар нэг мэдээлэл авч чадсангүй.

 

Музейн үзмэрүүд хаачив

 

Лениний музейн барилга нь нийтдээ 7750 ам метр талбай бүхий үзмэрийн үзүүллэгийн танхимуудаас гадна түр үзэсгэлэнгийн болон кино лекцийн танхим, номын сан зэрэг үйлчилгээний олон өрөөтэй байсан аж. Сан хөмрөгийн          зориулалтын өрөө, олон төрлийн тоног төхөөрөмж ч байжээ. Дээрээс нь олон янзын үзмэр байсан гэдгийг дээр дурьдсан. Гэвч энэ бүхэн одоо хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, музейн 4963 үзмэр хаана байна вэ. Уг нь манайд соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах заавар журам, хууль дүрэм бий. Гэвч Лениний музейд байсан үзмэрийн бүртгэл хаана, хэнд байгааг мэдэх хүн алга. Өнөөдөр музейн барилгын асуудлыг л яриад, анхаарлаа хандуулаад байгаа. Тийм байж байшин барилгаас илүү олон арван уран бүтээлчийн ур ухаан, хөдөлмөр шингэсэн том хэмжээний зээгт наамал, баримал, сийлбэр гээд үнэтэй бүтээлүүдийг огт хайхрахгүй байна уу гэлтэй.

 

Энэ талаар ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар мөн л хэвлэлд ийн ярьжээ. “Үзмэрүүд нь алга болсон асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг бид цаашид ярина. Ямар ч байсан бид төрийн өмчөө хүлээгээд авчихсан. Мөн ССАЖЯ-нд хүлээлгээд өгчихсөн. Тэгэхээр ССАЖЯ цаашид яаж ашиглах вэ гэдгээ мэднэ. Мэдээж Үлэг гүрвэлийн музей байгуулаад ажиллахбайх. Мөн алдагдсан үзмэрүүдийг эргэж олж авах эрх зүйн орчин байгаа” хэмээн ярьсан байсан. Ямар ч байсан Лениний музейд байсан Ленинтэй холбоотой болоод бусад үнэт үзмэрүүд алга болсон гэдэг нь тодорхой болчихоод байгаа. Энэ талаар тодорхой мэдээллийгТӨХ-ноос ч, ССАЖЯ-аас ч өгөхгүй байгаа гэхэд болно.

 

Магадгүй мэдэхгүй ч байж болох юм. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН- ынхан “Тусгаар тогтнол”-ын ордондоо аваачаад тавьчихсан талаар мэдээлээд байгаа. Манай сурвалжлах хэсэг “Тусгаар тогтнол”-ын ордон орж энэ талаар мэдээлэл авахыг хүссэн ч бас л санасандаа хүрсэнгүй. МАН-ын хууль, аюулгүй байдлын газрын дарга Ш.Раднаасэд энэ талаар мэдэж байгаа тухай сураг тэр хавиас гарсан. Түүн рүү утас цохисон ч авсангүй. Ямар ч байсан хэвлэлүүд МАН-ынхан Ленины музейн үнэт үзмэрүүдийг авсан гээд байгаа боловч баталсан, нотолсон зүйл алга. ССАЖ, МАН, ТӨХ гээд мэдэж болох бүхий л байгууллагууд мэдээлэл өгөхгүй, байшингаа л яриад суугаад байгаа болохоор хардахаас өөр яах билээ дээ.

Лениний үзмэрүүд Үлэг гүрвэлийн музейтэй нэг байранд багтах уу

Лениний музейд Марзан Шаравын бүтээсэн Лениний зураг бүхий 90 ам.метр зээгт наамал, Ленинград хотод бүтээсэн “Их замын үе шатууд” хэмээх 60 тонн жинтэй хүрэл цутгамал, Ардын зураач Цүлтэмийн “Түүхт уулзалт” нэртэй тосон зураг, “Ленин цөллөгт”хэмээх хүрэл цутгамал, Ленин, Д.Сүхбаатар нар уулзаж байгаа дүр зураг бүхий хивсний үйлдвэрийн нэхмэлчид урласан том хэмжээний хивс гээд 5000 орчим үзмэр, бүтээл байсан гэж байгаа. Энэ үзмэрүүдийн хэчнээн нь алга болсон, одоо Ленины музейд юу үлдсэн бэ гэдгийг ССАЖЯ-ныхан үнэн зөвөөр нь мэдээлэх ёстой. 60 тонн жинтэй хүрэл цутгамлыг аваад гаргачихсан гэвэл итгэмээргүй хэрэг биш үү. Яах вэ, зураг, хивс гэх мэт зүйлсийг МАН аваад, “Тусгаартогтнолын ордон”-доо аваачиж тавьсан байхыг үгүйсгэх аргагүй. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Лениний музейгээс авсан байж магадгүй бүтээлүүд, зураг хөрөг МАН-ын байранд байсан гээд байгаа. Гэхдээ хаана хаанаа л байгаа гэдэг шиг л юм болсон байх. Төр өмчөө эргүүлж авах ёстой гэвэл тийм. Барилга нь ч, дотор нь байсан бүтээлүүд ч гэсэн төрийн өмч. Гэхдээ Үлэг гүрвэлийн музей байгуулна гэж давхиад байгаа нөхдүүдэд Лениний музейн барилга л хэрэгтэй юм шиг аашилсан.

 

Үнэндээ үзмэр энэ тэрийг огт сонирхоогүй юм шиг санагддаг. Тэгээд ч олон жил музейн зориулалтаар ашиглаагүй, элдэв байгууллагын оффис болж байсан барилгад үнэт зураг, үзмэрүүдийг байлгаад байхад хэцүү ч байсан байж болох. Тиймдээ ч МАН-ын удирдлагууд ийш тийг нь зөөсөн байх магадлал бас бий. Тэр дундаа шинэ байр руугаа шүү дээ. Ер нь бол нэг зүйл тун ойлгомжгүй байгаа юм. Үлэг гүрвэлийн музей байгуулах гээд, хэлтэй амтай барилгаа засна гэж байгаа шүү дээ, ССАЖЯ-аас. Тийм байж Лениний музейд байсан үзмэрүүдийг хаана нь тавих гээд байгаа юм бэ гэдэг нь сонирхолтой. Үлэг гүрвэлийн болон Лениний музей нэг дор байна гэж байхгүй. Тэгэхээр үзмэрүүдийг төрийн өмч нэрээр агуулахад хураах гээд байгаа юм уу, хаашаа юм. Өөр гаргалгаа харагдахгүй байна.

 

Ямар Үлэг гүрвэлийн музейн хананд Лениний зураг байж байлтай биш дээ. Тэр үзмэрүүд төрийн өмч мөн үү гэвэл мөн. Гэхдээ нэгэнт л Лениний музей гэдгээр нь ашиглахгүйгээс цааш МАН-д өгчихсөн ч яадаг юм. “Тусгаар тогтнол”-ын ордон дотор нь жижиг музей маягийн юм байгуулаад, тэндээ үзмэрүүдийг үзүүлж байсан ч болно шүү дээ. Энэ талаар ССАЖЯ, Засгийн газар, МАН ярилцаж үзэх л хэрэгтэй байна. Нэг ёсондоо зохицох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй бол дахиад л баахан үзмэрийн хэрүүл үүсэх нь.

 

Монголын мэдээ

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button