Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хориход нас баржээ
Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад зургаан сарын нүүрийг үзэж байсан юм. Гэвч тэрээр өчигдөр 16:00 цагийн орчимд нас баржээ. Энэ талаар ШШГЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан Х.Баясгалангаас тодруулахад “Д.Амарсайхан түр саатуулах өрөөнд өмгөөлөгчтэйгөө уулзаж байхдаа гэнэт ухаан алдаж нас барсан байна. Нас барсан шалтгааныг нь тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна” гэлээ. Талийгаачийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин тамсаг” компанийн гэрээтэй холбогдуулан АТГ-аас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр цагдан хориод байсан юм. Ар гэрийнхэн нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах талаар холбогдох албаныханд удаа дараа хандаж байсан аж.
Б.ЭНХ
ЗУУНЫ МЭДЭЭ