БНХАУ, АНУ газрын тосны төлөө өрсөлдөж байна
Африкийн дараа хоёрдугаарт бичигддэг газрын тос олборлогч Ангол улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийн тулд АНУ болон БНХАУ-ын хооронд нэлээд ширүүн өрсөлдөөн үүсээд байгаа аж. Африкийн дөрвөн орноор айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян Анголын нийслэл Луанда хотноо айлчилсан. Түүний айлчлалаас гурав хоногийн өмнө Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри тус улсад айлчилсан юм.
Анголын олборлосон нийт нефтийн 40 орчим хувийг импортлож, хариуд нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр энэ өрсөлдөөнд Хятад ялжээ. БНХАУ-ын Элчин сайдын яамны статистик мэдээллээс үзвэл Анголын иргэний дайн дууссан 2002 оноос хойш 14.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийж, 2012 оны үед хоёр улсын худалдааны нийт дүн 37.5 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр Ангол шинэ нисэх онгоцны буудал, хөлбөмбөгийн талбай, зам, барилга байгууламжууд бариулж, 300 мянга гаруй Хятад ажилчид авч ажиллуулсан байна. Гэвч үүнийг дагаад гэрээний ил тод байдал алдагдаж, барилга байгууламжуудын чанар стандартыг хангахгүй байна. Их хэмжээний ажиллах хүч Хятадаас оруулж ирсэн нь тус улсын ажил эрхлэлтэд ямар ч үр нөлөөгүй байна гэх зэрэг шүүмжлэлүүдийг дагуулж байна.
Иймээс Анголын дараагийн сонголт Америк болж байгаа юм. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри “Эдийн засгийн өсөлттэй яваа Ангол улстай Хөдөө аж ахуй, техник технологи, эрчим хүчний олон талт үйл ажиллагааг явуулж, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар зөвшилцөж байна” гэж мэдэгджээ. Америкийн дотооддоо үйлдвэрлэх занарын хийний өсөлтийг дагаад газрын тосны эрэлт үүсч байгаа юм. Иймээс Анголтай худалдааны харилцааны төвшинг хангахын тулд газрын тосоор хязгаарлагдахгүйгээр олон талт харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай тулгарч байгаа аж.
Монголын мэдээ