Донецкийн БНУ-ын эрх баригчид ОХУ-д нэгдэх асуудлаар хагаралджээ

Украины Донецк мужийн иргэд өнгөрсөн ням гарагт явагдсан санал асуулгад тусгаар тогтнохыг дэмжсэнээр Донецкийн бүгд найрамдах улсыг тунхагласан билээ. Тэгвэл шинэ улсын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх талаар мэдэгдэл хийгээд эхэлсэн байна. Оросын талыг баримтлагчдын удирдагч санал асуулгын дараа Донецкийн Бүгд найрамдах улсын нэг номерын хүн болоод байгаа Денис Пушилин өчигдөр энэ мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр ингэх болсон шалтгаанаа түүхийн үнэнийг сэргээн тогтоохын тулд хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ яг энэ асуудлаар хоорондоо хагаралтай байгаа гэсэн мэдээлэл Украины хэвлэлүүдээр гарч байгаа юм. Донецкийн эрх баригчид тусгаар тогтносныхоо дараа ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх нь ойлгомжтой, яагаад гэвэл салан тусгаарлагчдыг ОХУ дэмжиж байгаа гэсэн мэдэгдлийг барууны орнууд хийж байсан ч санал асуулгын хуудсан дээр Крымын санал асуулга шиг ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах талаар нэг ч үг тавигдаагүй байсан нь эргэлзээ төрүүлж байсан юм. Тэгвэл энэ нь цаанаа учиртай байсан бололтой. Салан тусгаарлагчдын дунд Донецкийг бие даасан улсын статустай нь үлдээх хүсэлтэй хүмүүс байсан, тэд санал асуулгын хуудсан дээр зөвхөн Донецкийн тусгаар тогтнолын талаар ганц асуулттай хэвлэхийг зохион байгуулсан гэсэн мэдээлэл Украины хэвлэлүүдээр гарч эхэллээ. “Ура Информ” агентлагийн дамжуулсан мэдээлэлд Донецкийн эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэнэ, нэгдэхгүй хэмээн хоёр хуваагдаад байгаа талаар дурьдсан байна. Өөрөөр хэлбэл, зарим нь ОХУ-д дагаар орох бодлоосоо татгалзсан байж магадгүй аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донецк, Луганскийн иргэдийн хүсэлтийг хэзээд баяртайгаар хүлээж авна гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Гэхдээ Киевийн одоогийн эрх баригчидтай хэлэлцээр хийж байж асуудлаа шийдэх нь зөв, санал асуулгаа хойшлуулах хэрэгтэй гэж салан тусгаарлагчдад зөвлөж байсан билээ. Харин Киев энэ санал асуулгын дүнг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд АНУ болон Европын холбооны улсууд ч мөн Донецкийг тусгаар улс гэж үзэхгүй гэдгээ илэрхийлээд байна. Донецкийн бүгд найрамдах улс ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх асуудал ойрын үед шийдэгдэх юм байна.  

Монголын мэдээ

Х.Батсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button