Гэрэл гэгээ

2004 оны тавдугаар сард анхны мэдээллээ түгээж, Монголын цахим сэтгүүлзүйн салбарыг хөгжүүлэх шанг таталцаж байсан www.olloo.mn сайт энэ өдрүүдэд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Бид анх өдөр бүр тантай хамт уриаг дэвшүүлж, Монгол Улсад өдөр тутмын тогтмол цахим сэтгүүлзүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан. Үүний дараа өдөр бүр дэлхий даяар мэдээ, мэдээллийг шуурхай, өргөн хүрээнд түгээх зорилго тавьж, түүндээ ч хүрч чаджээ. Тэгвэл өнөөдөр гэрэл гэгээ уриаг дэвшүүллээ. Ингэснээр танин мэдэхүйн чиглэлд илүүтэйгээр анхаарч, мэдээллээр дамжуулан иргэдэд мэдлэг олгоход чиглэх болно.

Өнөөдөр уншигчдад хүрч буй мэдээлэл бохир, мэргэжлийн бус, хамгийн гол нь хараат байгаа билээ. Тиймээс ч Монголын сэтгүүлзүйн орчинг харанхуйтай адилтган дүрсэлж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдыг худалдагдсан, шударга бус хэмээн шүүмжилдэг. Тэгвэл бид энэ орчинд гэрэл тусгахыг хүсч, доорх уриалгыг дэмжиж ажиллахаар шийдвэрлэлээ.

Монголын зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, тэнд ажиллаж буй сэтгүүлчид “хаалтын  гэрээ” байгуулахаас татгалзаж эхлээд байгаа. Бид ч энэ санаачлагыг дэмжиж, “хаалттай эрх чө­лөө”-г чөлөөлөхөөр уриалга гаргаж байна.

Өөрөөр хэлбэл оллоо.мн сайт энэ өдрөөс эхлэн нэг ч улстөрч, бизнесмэн, пүүс компанитай хаал­тын гэрээ байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Германы нэрт зохиолч Иоханн Вольфганг фон Гёте сайн зүйлийг гэрэлтэй гэгээтэй, муу зүйлийг харанхуй бараан гэх мэтээр тайлбарлаж гэрлийн үзүүлж буй тусгалыг хүний амьдралтай холбож ярих дуртай нэгэн байлаа. Түүний хэлсэн “… more light”/илүү их гэрэл гэгээ/ гэх үгийг одоо ч олон өнцгөөс тайлбарлахыг хичээдэг. Гэхдээ харанхуй өрөөнд гэрэл оруулахын тулд дээрх үгийг хэлсэн гэх тайлбар хамгийн ойрхон тусдаг билээ. Учир нь Гётег охинтойгоо гэрлийн үзэгдлийн талаар элдвийг ярьж байгаад, өрөө харанхуй байсан учраас хөшиг нээхийг хүсч “mehr Licht” буюу more light гэж хэлээд нас өөд болсон гэдэг. Сүүлд түүний энэхүү хүсэлтийг нь “бохир заваан агуулж буй орчинд гэрэл гэгээ нэвтрүүлэх” хэмээн тайлбарласан байдаг юм.

Бид Гётегийн “more light” гэх үгийг уриа болгон дэвшүүлж, Монголын сэтгүүлзүйд хөшгөө нээсэн мэт гэрэл гэгээ оруулахыг хүсч, зорьж байна.

Гэхдээ “хаалтын гэрээ” хийхгүй гээд бусадтай хамтарч ажиллахгүй гэсэн үг биш юм. Эх орноо гэсэн сэтгэлтэй, бүтээлч, хөдөлмөрч, зөв зүйлийн төлөө зорьж, тэмүүлж яваа хамт олон, хувь хүнтэй урьдын адил хамтарч ажилласан хэвээр байна. Мөн бидэнтэй хамтран ажиллах зөв зорилготой хэн бүхний өмнө манай үүд, хаалга үргэлж нээлттэй байх болно.

Монголын нэрт зохиолчид, нийтлэлчдийн бүтээлийг шимтэн уншихын тулд оллоо.мн сайтыг сонгож, түүнээсээ мэдлэг мэдээлэл, урам зориг авдаг уншигч танд баярлалаа. Мөн бидэнтэй хамтран ажилладаг нийтлэлч та бүхэндээ ч баярлаж байгаагаа хэлмээр байна. Бид та бүхэнтэй цаашдаа ч хамтран ажиллахдаа таатай байх бөгөөд манайд нийтлэлээ байршуулах зохиолч, нийтлэлчдийг урьж, уриалж байна.

Бидний зөв харилцаагаар дамжиж эрүүл, цэвэр сэтгүүлзүй хөгжинө гэдэг итгэлтэй байна.

Үүний тулд шударга бус бүхнээс татгалзаж, хэвлэлийн эрх чөлөөгөө баталгаажуулах, иргэдэд хяналт, хавчлагагүй, үнэн бодит мэдээ, мэдээллийг хүргэхийг хүсч байна. Та бүхэн ч бидний дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаа билээ. Нэг удаагийн зоригтой шийдвэрээр нийгмийг эрүүлжүүлэх, хэвлэл мэ­дээллийн салбарт хөшиг нээсэн мэт гэрэл гэгээ оруулж, жинхэнэ утгаар нь эрх чөлөөтэйгээр хөгжүүлэхийг хүссэн бидний зорилготой нэгдэж, хамтдаа урагшлахыг хүсье.

Гэрэл гэгээ харанхуйг гийгүүлнэ

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button