Гэрийг чинь гийгүүлж, үрийг тань төрүүлсэн эхнэрээ хайрла
Хүн бүхэн сайхан гэр бүлийг хүсч мөрөөдцөг. Гэвч сүүлийн үед тэр сайхан мөрөөдлийг хар бараан мэдээллүүд булах шиг болж, эрчүүдийн элдэв авираас үүдсэн хүн сонсохоос ч жихүүцмээр балмад үйлдэл гарах боллоо. Үнэхээр харамсмаар. Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр, нөхрийн хэн хэн нь сайтар ухаарах хэрэгтэй. Энэ нь асар их хүчин чармайлт, ур чадвар шаарддаг зүйл гэдгийг ч мэргэд хүртэл хэлсэн байдаг. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү ур ухаан шаарддаг аж. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Эр хүн бүхэн намайг эсэргүүцэх ч шударгаар бодоод үзье. Танд өнөөдөр ямар асуудал байна вэ. Хувцас угаах, хоол хийх, хүүхдээ асрах, орон гэрээ гэрэлтэй байлгах, төсөв мөнгөө захиран зарцуулах, зочин ирвэл дайлж угтах, ажлаа амжуулах, гэртээ эрт харих…энэ бүх ажил эхнэрийнх.
Найзуудтайгаа хүссэн цагтаа уулзаж, наргиж цэнгэх, гэмгүй царайлж эхнэрийнхээ мөрөн дээгүүр илүү харж сээтгэнэж, архи ууж агсам тавьж, гэр бүлээ салгаж хүүхдээ өнчрүүлж, эрүүлжүүлэх, шорон элдэв гэмт хэрэгтэй холбогдох нь элбэг эрчүүдэд захиж хэлэх үг байна. Хайрыг хайрла. Яг үнэндээ та нараас л нууц амраг болох санал хүүхнүүдэд ирж, яадаг юм бэ, амьдрал ийм л байдаг юм шүү дээ гэж хий мэдэмхийрдэг овилгогүй зан гардаг нь ичмээр үнэн шүү дээ. Дэрвэсэн хормой, дэгжирхсэн харцны өмнө хий нь гарсан гүзээ шиг шалчийдаг наашаа ч эргэж цаашаа ч хуйларч мэдэх цаг хугацаагүй дурлагсад мөн л эрчүүд. Мэдээж өвдөж, зовж, шаналах өр нэгтэй хүн л юм хойно эрчүүдэд асуудал байдаг л байлгүй. Гэхдээ эхнэрийн хайр, халамжаас шалтгаалсан асуудал биш гэж хардъя. Эрчүүдээ өөртэй чинь л ижилхэн сайхан бүхэнд дурлан тэмүүлж, гуниж, бүдэрч мэдэх эхнэрүүдээ гал тогооных нь өрөөнд ганцаардуулчихсан байх вий дээ.
Нийслэл таймс
О.Ууган