Нэг хороонд 14-15 сая төгрөгийн төслийг хэрэгжүүүлнэ
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр нийслэлийн төвийн дүүргүүдийн нэг хороонд загвар хороо төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас дараахь тодруулгыг авлаа.
-Төвийн зургаан дүүргийн нэг хороог загвар хороо болгохоор ажиллаж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Загвар хороо төслийг хэрэгжүүлэхээр энэ оны эхнээс эхлэн Азийн сантай хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү төслөөр хогхаягдлын оновчтой менежмент, өөрсдийн гэсэн тодорхой ухамсар, хог ачих хуваарьтай, хуваарийн дагуу хог ачдаг, ил задгай хоггүй хороо болох зорилтыг тавин ажиллаж байна.
Тэгэхээр энэ хүрээнд дүүрэг бүрт төсөл хэрэгжүүлэх нэгжүүд байгуулагдсан. Тодруулбал, хороо, дүүрэг, иргэдийн төлөөлөл, гэр хороолол дахь ажлын алба орсон төсөл хэрэгжүүлэх нэгжүүд ажиллаж байгаа юм. Хорооны хувьд төвийн зургаан дүүрэг тус бүрээс нэг гэр хороог авсан. Тэгэхээр сонгосон хороог сонгон авч төслөө хэрэгжүүлж байгаа юм.
-Хороог ямар шалгуураар сонгосон юм бэ?
-Хорооны Засаг дарга идэвхи, оролцоо, санаачлага, хорооны орчны онцлогийг харгалзан үзэж сонгосон. Зургаа хороо нь хоорондоо ялгаатай. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XIII, Баянзүрх дүүргийн XXVII, Сонгинохайрхан дүүргийн XXVI, Баянгол дүүргийн IX, Сүхбаатар дүүргийн XIV, Чингэлтэй дүүргийн XVI гэх хороог сонгосон.
-Иргэд төслөө хэрхэн бичвэл зохистой эсэх талаар мэдээлэл өгсөн үү?
-Бид иргэдийн бүлгүүдийг цуглуулан сургалт зохион байгуулсан. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллийг ч оролцуулсан байгаа. Ингэхдээ төсөл ямар хүрээнд, хэдий хугацаанд, ямар агуултай, юу хийх ёстой, хэчнээн төгрөгийн төсөл бичих ёстой юм гэдэг талаархи мэдээллийг өгсөн. Мөн ямар чиглэлийн төслүүдийг дэмжих боломжтой болон хэрхэн шалгаруулах талаар мэдээлэл өгсөн. Ингээд чанартай төслийг санхүүжүүлэх юм. Санхүүжилтийг Азийн сан гаргана.
-Ямар төслийг танай зүгээс дэмжих боломжтой юм бол?
-Тухайн хорооны хог хаягдлын менежмөнтийг сайжруулах гэдэг үндсэн зорилтын хүрээнд нийцэх ёстой. Магадгүй бичил тохижилт хийж болно. Ингэхдээ тухайн хорооны хог хаягдал багасдаг юм уу, эсвэл иргэдийн ухамсарт хог хаягдалтай холбоотой эерэг нөлөө үзүүлэх гэх мэтийг голчлон харна.
-Нэг хороонд хэдэн төсөл хэрэгжүүлэх боломжтой бол?
-Хэдэн ч төсөл байж болно. Гэхдээ тэр дундаас ач холбогдлоор нь эрэмбэлэн санхүүжүүлнэ.
-Санхүүжүүлэх хэмжээ нь хэдэн төгрөг байх вэ?
-Азийн сангаас нэгхороонд 14-15 сая төгрөг орчмын санхүүжилт олгоно.
-Алслагдсан гурван дүүрэгт энэ төслийг хэрэгжүүлэх үү?
-Ерөнхийдөө Азийн сангаас захын гурван дүүрэгт гэсэн чиглэл гаргаагүй. Харин Захирагчийн ажлын албаны зүгээс төсөв хөрөнгө бага шаардсан болон шаардаагүй ажлуудыг нэвтрүүлээд явья гэж чиглэлийг барьж байгаа. Эхний ээлжинд гурван дүүрэгт судалгаа хийгээд, мэдээллээ бүрдүүсэн байгаарай гэдэг чиглэлийг өгсөн байгаа.
Нийслэл таймс
Г.Баярцэцэг