Хууль зүйн сайдын багцыг таналаа
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.
Төсвийн тодотголд Хууль зүйн сайдын багцын нийт зарлага 2.492.1 сая төгрөгөөр буурч, 347.628.9 сая төгрөгөөр тусчээ. Улсын төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг бууруулах үүднээс сайдын төсвийн багцын нийт урсгал зардлыг 10.156.0 сая төгрөгөөр буюу 2.8 хувиар бууруулсан байна.
Сайдын багцын хөрөнгө оруулалтад
ЦЕГ-ын хөрөнгө оруулалт 640 сая төгрөгөөр,
ШШГЕГ-ын хөрөнгө оруулалт 3.500.0 сая төгрөгөөр,
Хууль сахиулахын их сургуулийн хөрөнгө оруулалт 3.523.9 сая төгрөгөөр тус тус нэмэгдэж тусгагджээ.
Төсвийн тодотголыг хэлэлцэж буйтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Багцогт, Ховд аймгийн Булган суманд цагдаагийн хэсэг байгуулагдсантай холбогдуулан Дорнод, Архангай зэрэг аймгуудаас шинэ боловсон хүчин томилогдсон. Гэтэл эдгээр хүмүүст ажиллах, амьдрах байр байгаагүй. Гаалийн харьяанд байсан байрыг шилжүүлэн авсан ч урсгал засвар хийх шаардлагатай байгаа. Үүнд шаардагдах 320 сая төгрөгийг төсөлд нэмж тусгаж өгөөч гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Улсын дээд шүүхийн төсвийг 919 сая, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус бууруулжээ. Энэ нь Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчиж байна гээд дээрх зардлыг бууруулахгүй байх санал гаргалаа.
Хууль зүйн салбарын төсөвт хүнд байдал үүсээд байна хэмээн салбарын сайд ч мөн учирлаж байлаа. Хууль сахиулахын их сургуулийн 3000 оюутны сургалтын байр бариулах ажил хэдийнэ эхлээд амжилттай явж байгаа ч уг барилгыг барихад шаардагдах 25.9 тэрбум төгрөгөөс 3.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг тодотголд тусгасан нь барилгын ажлын хаана ч хүрэхгүй хэмээн сайд Х.Тэмүүжин хэлж байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар, Энэ удаагийн тодотголын хүрээнд 139 тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцаас гарган салбарын төсөл арга хэмжээ нь аудитын дүгнэлтээр зөвшөөрөгдсөн сайдын багц уруу шилжүүлж байгаа. Иймд аль нэг арга хэмжээг санхүүжүүлэхээр болбол төсөлд тусгагдсан өөр нэг обьектыг хасахаас өөр аргагүй хэмээн тайлбарлаж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Лүндээжанцан нар энэ төслийг Засгийн газарт буцаагаад дараагийн тодотгол хийх үеэр асуудлуудыг иж бүрнээр нь хэлэлцье гэсэн саналтай гаргасан ч олонхын дэмжлэг аваагүй.
Сангийн сайд Ч.Улаан, хэрэв энэ төслийг Засгийн газарт буцаавал 139 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт зогсоно гэсэн тайлбар өгсөн юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Батцогтын гаргасан Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтсийн байрны засварт зориулах 320 сая төгрөгийг төсөлд тусгах санал олонхын дэмжлэг авч, Улсын дээд шүүхийн төсвийг 919 сая, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсныг хуучин хэвээр үлдээх гэсэн Р.Бурмаа гишүүний санал дэмжлэг авсангүй. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.