Нийслэлийн бүтээн байгуулалт зогсонго байдалд орлоо
“Нийслэлийн иргэдэд амар тайван, аюулгүй амьдралыг бий болгоно. Гэр хорооллыг дахин төлөвлөж, та бүхнийг орчин үеийн загварын хауст амьдруулна” гэж Э.Бат-Үүл сурталчилж байгаад хотын дарга болсон нь саяхан. Тэрбээр ам нээх болгондоо л айл бүрийг орон сууцтай, аз жаргалтай амьдруулах тухай ярьж байсныг санах хүн олон бий. Гэвч Үүл баатарын хэлсэн тэр сайхан үгс “Цохих чулуу олтлоо яасан хөөрхөн гөлөг вэ” гэдэгтэй агаар нэг байжээ. Өөрөөр хэлбэл нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд үндсэндээ зогсч, хаа сайгүй ухсан нүх, эвдэрсэн замууд аюулын харанга дэлдэх болов.
Хаана ч явсан нийслэлийн иргэд “Дээшээ харахгүй бол баригдаж буй барилгаас төмөр унаж цохичих гээд, доошоо харж явахгүй бол замын ухсан нүхэнд уначих гээд байна. Яаж шуу хан амьд явна даа” хэмээн айдаст автаад, алхаж ядан бэмбэгнэж байна.
Энэхүү айдас 2012 оны есдүгээр сарын 3-нд сурч мэдэх их хүслээр жигүүрлэн, хөөрч баярлан гүйж явсан 12 настай жаахан охин амиа алдсан өдрөөс эхэлсэн гэхэд болно.
Түүнийг гарцаар гарч явахад нь “Төгсгүрэн” компанийн барьж буй барилгын зуурмаг шахагч машин төмөр хоолойгоо даалгүй дарж унасан юм. Энэ өдөр тэр жаахан охин амиа алдсанаар бүх зүйл дууссангүй. Баянзүрх дүүргийн V хороонд барилга дээр ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Х өргөгч кранаас унасан тоосгонд оногдо амиа алдсан. Мөн Сонгино хайрхан дүүргийн XXII хороо, “Бридж констракшн” ХХК-ийн барьж байсан барилгын дөрвөн давхраас БНАСАУ-ын иргэн унаж нас барсан.
Ийнхүү нэгхэн өдрийн дотор гурван хүний амь эрсэдсэн бол таван хоногийн дараа Хан-Уул дүүрэгт “Хурд” группийн захиалгаар баригдаж буй “Рапид харш” орон сууцны барилгын өргөгч цамхаг ачаагаа дийлэхгүй толгойн хэсгээрээ хугарснаас үүдэн краны жолооч 26 настай залуу амиа алдсан юм. Түүнчлэн их сургуулийн II дамжааны оюутан, дөнгөж 19 настай хүү “Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилгын хажууд зогсч байхад дээрээс нь төмөр унаж амь насыг нь хөнөөснийг хүмүүс санаж байгаа биз ээ. Энэмэтчилэн жил бүр аймшигт осол ар, араасаа гарч иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энэ он гарсаар бараг 10-аад хүний амь эрсдэв. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л “Тэнгис” кино театрын хажууд баригдаж буй “Макс” группийн барилгаас төмөр унаж 36 настай Б-гийн амь насыг хохироолоо. Юун тэр айдасгүй, аюулгүй сайхан нийслэлийг бий болгох вэ. Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуулийн үеэр амлаж байсан энэ үг амьдрал дээр биелсэнгүй. Учир нь өнөөдөр ямар ч айдасгүйгээр алхаж буй хүнийг нийслэлээс л лав олохгүй байх. Уг нь хотын дарга “Зөвшөөрөлгүй барилгуудыг буулгана” хэмээн том дуугарч гарч ирсэн. Гэтэл сүүлдээ “Нэгэнт баригдсан барилгуудыг буулгана гэж юу байхвэ. Болохгүйг нь хурааж аваад ашиглая” гэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд авсан.
Үүл баатрын НОСК гэх бизнесийг иргэд ивээн тэтгэж, хөлжүүлэх гэж үү?
Үүл баатар өмнөх асуудлаа шийдвэрлэж чадаагүй байж Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ гэдэг нэртэй бас нэгэн “үлгэр” зохион иргэдийн тархийг угаагаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь орон сууцны урьдчилгааг нэг дор төлөх чадваргүй буюу орлогогүй иргэдэд зориулагдсан гэх ч үнэн хэрэгтээ түүний бизнес гэж хэлж болохоор санагдана.
Гэхдээ үүнийг сонссон иргэдийн олонх нь ам сайтай байна. Хүн бүр л амьдралаа дээшлүүлчих юмсан гэсэн хүсэлтэй хойно арга ч үгүй биз. Тухайн иргэн сар бүр цалингаасаа 25-30 хувийг нь орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлснээр 3-5 жилийн дараа орон сууцтай болж, дараа нь үлдсэнээ төлж дуусаад өмчилнө гэж байгаа. Тэгэхээр хэн дургүй байх билээ дээ. НОСК эхний жилд 20 мянган орон сууцны захиалга авч 50 тэрбум төгрөг төвлөрүүлснээр орон сууцны ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хөтөлбөрт хөдөө орон нутгийнхан ч хамрагдаж болох аж. Энэ тухайгаа хотын дарга Э.Бат-Үүл сонин, телевизээр удаа дараа ярьсаар байгаа. Өнгөцхөн харахад, энэ нь зөв ажил мэт боловч судлаад үзсэн хүмүүс “ТОСК байхад НОСК ямар хэрэгтэй гэж. Энэ ч Үүл дарын бизнес байх аа. Хэзээ ч бүтэхээргүй, ямар ч тооцоо судалгаагүй ажил” хэмээж байна.
Үнэндээ дахиад л нэг нүсэр бүтэц бий болох нь гарцаагүй.Уг нь ТОСК Улаанбаатар хотод жилд 75 мянган орон сууц барьдаг гэж байгаа. Харин НОСК үүн дээр нь нэмээд 5000 орон сууцыг барих юм гэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хороололд 189 мянган айл амьдарч байна. Эдгээр айлын нэгэнд нь дунджаар дөрвөн хүн амьдардаг гэж үзвэл 800-аад мянган иргэн бий гэсэн үг.
Мөн тэдний бараг 90 хувь нь нийгмийн доод болон дунд давхаргынхан гээд бод. Үүл баатрын байгуулсан НОСК-ийг бүгд сонирхож буй нь ойлгомжтой. Мөн энэ шугамаар орон сууцтай болчих санаатай хүн орон нутагт ч олон байна.
Хотын дарга Э.Бат-Үүл “Хүссэн хүн бүр мөнгө тушааж болно. Хэнийг ч ялгаварлахгүй” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр энд хэдэн тоо бодоод үзье л дээ. НОСК-д 20 мянган иргэн нэг сард тус бүр 200 мянган төгрөг тушаавал дөрвөн тэрбум төгрөг хуримтлагдана. Энэ мэтчилэн мөнгө хуримталж 50 тэрбум төгрөг болсноор орон сууц барих ажил эхлэх нь. Ингээд бодохоор лав нэг жил хагасын дараа хүссэн мөнгө нь бүрдэх юм байна. Харин энэ мөнгө нь барилгын бусад компанийн жишгээс үзэхэд үсрээд л 600 айлын орон сууц барихад хүрнэ гэсэн үг. За яах вэ, цаашлаад мянган айлын орон сууц барихад хүрнэ гэж бодъё. Ийм жишгээр Үүл баатар төлөвлөснийхөө дагуу жилд 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахад нийт мөнгө тушаасан иргэдийн 15 мянга нь үлдэнэ. Харин тэд зүгээр л ивээн тэтгэтчийн маягаар ажиллаж таарах нь. Эсвэл үлдсэн иргэдэд төсвөөс мөнгө авч орон сууц барьж өгөх хэрэг үү. Тэгээд ч энэ бол ямар ч баталгаагүй, эрсдэлтэй. Ийм зүйл рүү иргэд итгээд мөнгөө хийх болж байна. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиар бас нэг дарга нь гарч ирээд “Энэ бол маш буруу ажил” гээд үгүйсгэж, ажлыг нураавал яана. Ер нь дээр бодсон тооноос үзэхэд дараагийн хотын дарга гарч ирээд дэмжиж үргэлжлүүлнэ гэдэг юу л бол. Үүл баатар харин энэ асуултад “Хувийн хэвшилд бол хэн ч, хэзээ ч мөнгөө ингэж өгөхгүй. Учир нь төр хэзээ ч дампуурахгүй. Улаанбаатар хот байгаа л юм чинь хариуцагч эзэн нь байна гэсэн үг. Дампуурдаггүй төрийн захиргаа өөрөө шийдвэр гаргаад хийж байна. Иргэдийн мөнгө өөрийн нэрийн дансан дээр байна. Буцаагаад авъя гэвэл буцаагаад л өгчихнө. Гэхдээ хүүтэй өгөхгүй. Яагаад гэвэл, хүүтэй буцаагаад өгвөл хадгаламжийн сан болчихно. Мөнгөө нэг буцаавал дахиж гэрээ хийхгүй. Буцааж авчихаад буцаагаад гэрээ хийе гээд байвал санхүүгийн байдал тогтворгүй болно. Нийслэл хөрөнгийн ямар баталгаа гаргаж өгөх вэ гэхээр бид жилдээ 500 тэрбумын төсвийн орлоготой. Бидний мэдэлд 400 мянган га газар байна. Газар маань бидний баталгаа болж байгаа юм” гэж хариулсан. Үндсэндээ эхний хэдхэн мянган иргэн орон сууцандаа орж, үлдсэн олон мянга нь ивээн тэтгэж байснаа ухаарвал мөнгөө ямар ч хүүгүйгээр буцааж авах юм байна.
Ер нь НОСК түүний гэр бүлийн бизнесийн нэг хэсэг болохыг үгүйсгэх аргагүй. Иргэдэд зах зээлийн доод ханшаар тооцож орон сууцаа өгнө гэж байгаа. Харин нийслэлд өнөөдөр хамгийн доод үнэ гэвэл төсвийн мөнгөөр бүтсэн Буянт-Ухаа хороолол нэг шоо метрийн үнийг нэг сая 280 мянган төгрөгөөр тогтоосон байна. Тэгэхээр хотын дарга Э.Бат-Үүл үүнийг дагахад л маш их мөнгө эргэлдүүлэх нь тодорхой юм. Тэрбээр нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох уриатай сонгуульд оролцон намдаа ялалт байгуулаад зогсохгүй иргэдийн эмзэг сэдвийг маш сүйхээтэйгээр олж харан төлөвлөгөө боловсруулсан мэт.
Гэвч одоогоор хаус хороолол бус орон сууцны хороолол барьж байгуулах ажлыг хэд, хэдэн газарт эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, түүний бизнес гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаас эхэлсэн юм. Учир нь Үүл баатар хүүдээ нийслэлийн гэр хорооллын нэг хэсэг газрыг орон сууцжуулах эрхийг олгосонд бий. Түүний хүү Б.Чулуудайн “Грандлайн” компани Баянзүрх дүүргийн XII хороо буюу “Жанжин” клуб орчмын нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийхээр шалгарсан байдаг. Ингэснээр олон нийтийн дунд Э.Бат-Үүлийн хүүгийн “Гранд Лайн” компани угтаа брокер дилерийн компани байтал яагаад гэнэт барилгын салбар руу хальж, түүгээр ч үл барам барилгын салбарт туршлагатай томоохон компаниудыг ялчихав” гэдэг асуулт өнөөдрийг хүртэл хариулт нэхсээр байгаа юм. Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн, “Brix” хэмээх шөнийн цэнгээний газрын эзэн, “Сонор” студи, “Чугу” компанийг толгойлж байсан гэдгээр нь иргэд Б.Чулуудайг мэднэ. Гэтэл тэрбээр гэнэт л дуу хөгжмөө хойш тавьж, 2011 оноос эхлэн брокер дилерийн компанийн захирлын албыг хүлээн авсан явдал бол аав нь хотын дарга болсонтой холбоотой болов уу. Ямартай ч Үүл даргын хүү барилга барьж эхэлсэн учраас НОСК дээр дээрх жишээгээ давтахгүй гэх баталгаа алга.
Хайрга дайргаар хазаарлуулсан бүтээн байгуулалт
Нийслэлийн Засаг даргын А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг хориглоод байгаа. Мөн захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам барих, олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг хориглож хатуу хяналт тавиад байгаа.
Энэ нь бүтээн байгуулалтын ажилд саад тээг болж буйг Үүл баатар өөрийн нүдээр харж байгаа ч ёстой л “Нүд нь балай, чих нь дүлий” гэгчээр таг чиг. Наад зах нь “Гудамж” төсөл нам зогслоо. Үүнээс гадна нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагийн үйлдвэрүүд, барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын хоёр талбайтай болгоогүй гэх шалтгаанаар аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй гэх зэргээр “Боох” ажиллагаанаас нь харвал нийслэлд зам, барилгын ажил энэ жилдээ л лав хийгдэхгүй байж мэдэх нь. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, Үүл даргын хүү Э.Чулуудайн брокер дилерийн “Гранд Лайн” компанийн үйл ажиллагаа савнаасаа хальж барилгын салбар руу орж байгаа юм чинь зам барилгын ажлыг дангаараа монополдон хийхийг үгүйсгэх аргагүй л юм.
Өглөөний сонин
Р.Болд