У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр хоёр юу шивнэлдэв

У.Хүрэлсүх Улаанбаатарт ирж гэнэ, цаана чинь. Үсчин орж гадаад төрхөө анхаарч гоё болчихоод намынхаа байр руу явж, тэндээсээ Ж.Энхбаяртай уулзаж шөнийн 02.00 цаг хүртэл тэд ярилцсан талаар нэгэн сайтын сурвалжлагч гэрэл зургаар баримтжуулан тавьсан байх юм. У.Хүрэлсүхээс чухал асуудал өчнөөн олон байхад өглөөнөөс эхлэн түүнийг дагаж мөрдөж мөшгисөн гэхээр хэвлэлийнхэн ч тэр, ард түмэн, намынхан нь ч түүнийг ямар их санасныг илтгэж байгаа биз.

У.Хүрэлсүхийн асуудлыг энд хүргээд орхие. Хамгийн сонирхол татаж байгаа асуудал нь Ж.Энхбаяртай юун тухай ярилцсан бэ гэдэг асуудал. Шөнийн 02.00 цаг хүртэл тэр хоёрт аминчлан ярих асуудал байсан нь илүү сонирхолтой санагдаад байгаа юм. Тэгвэл уулзалтын гол зорилго өчигдөр бараг л тодорхой болчих шиг боллоо. Ж.Энхбаяр гишүүн өчигдөр БОХХАА-н байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр үг хэлсэн юм. Тэрбээр, Х.Баттулга сайдыг сайдын суудлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байхдаа МАН АН-ыг олонхи байхдаа Засгийн газартаа урьж байсан.

Та нар ч гэсэн тэгж урих ёстой гэх утга бүхий үг хэлж орхив. Тэгэхээр тэдний уулзсан зорилго энэ юм биш үү. Я.Содбаатар гишүүн ч АН-тай нэгдэхэд болохгүй гэх газар алга хэмээн ярьж орхисон бүүр “аазгай” хөдөлгөөд байх болов. У.Хүрэлсүх улс төрд эргэн ирэх гэж, бүр болоогүй сайдын суудалд суух гэж санаархаад яваа юм биш үү. Энэ санаагаа ч Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарыг үй зайгүй үерхэж явсан найзуудаараа дамжуулан УИХ дээр цухуйлгаж эхлээд байгаа бололтой. Ямартай ч ингэж хардах үндэслэл чамгүй олон болоод байна. У.Хүрэлсүх гэх “мужик” улс төрд эргээд иржээ. Одоо ч олон “гоё” юм болно доо.

Монголын мэдээ

Б.Тогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button