Б.Амардорж: Шинжилгээгээр Д.Амарсайханг зайлшгүй эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж үзсэн
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний 50 орчим тэрбум төгрөгийг угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан уулзалтын өрөөнд таталт өгч, нас барсан билээ. Тэгвэл энэ хэрэгт эрүү хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж мэдээллээ.
Цагдан хорих эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн байдалд хяналт тавьж байсан. Тухайн үед авч байсан шинжилгээгээр Д.Амарсайханг зайлшгүй эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж үзсэн
Мөн тэрээр болсон үйл явдлын талаар “тухайн өдөр 15.00 цагийн орчимд Д.Амарсайханы өмгөөлөгч уулзах хүсэлт гаргасны дагуу уулзалтын өрөөнд хүргэсэн юм. Гэтэл уулзалтын өрөөнд ороод удаагүй ухаан алдаж унасан. Энэ үед эмч дуудаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч эмчилгээ авахгүй байсаар нас барсан юм. Д.Амарсайханыг сүүлд хоригдох 28 хоногийн хугацаанд хариуцсан эмч нар нь нийт найман удаа үзлэг хийж биохимийн холбогдох шинжилгээнүүдийг нь авсан байна. Өнгөрөгч хугацаанд өмгөөлөгч нь “эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт хэвтүүлэх, эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлж өгөөч” гэсэн хоёр удаагийн хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу холбогдох хариуг өгсөн. Цагдан хорих эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн байдалд хяналт тавьж байсан. Тухайн үед авч байсан шинжилгээгээр Д.Амарсайханг зайлшгүй эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна” гэж мэдэгдлээ.
Гэвч талийгаачийн өмгөөлөгч “цагдан хорих төвийн эмч нар миний үйлчлүүлэгчид ямарч эмчилгээ хийхгүй байснаас ийнхүү үхэлд хүрлээ” гэж мэдээллээд байгаа.
Талийгаачийн үхлийн шалтгаан ойролцоогоор 14 хоногийн дараа тодорхой болно. Энэ үед түүний үхэлд гадны нөлөө байсан уу эсэхд хариулт өгөх боломжтой болох биз. Ямартай ч тухайн хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.
Л.Тамир
Оллоо.мн