Эцэг эхчүүд хүүхдийнхээ авьяасыг таван настайд нь олж харах хэрэгтэй

ХАХНХЯамнаас санаачлан Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалтай мөчүүдийг мөнхлөн үлдээж, ард түмний дунд байгаа авьяастнуудыг илрүүлэх, тодруулах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор “Авьяаслаг гэр бүл” шалгаруулах улсын уралдааны эцсийн шалгаруулалт өчигдөр боллоо. Энэ талаар Монголын эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.

 

-“Авьяаслаг гэр бүл” уралдаан өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хэдэн аймгаас авьяаслаг гэр бүл оролцсон бэ?

 

-ХАХНХЯам энэ жилийг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан, Энэ ажлын хүрээнд авьяаслаг гэр бүлийг шалгаруулж байна. Өнгөрсөн жил Багануурын гэр бүл түрүүлсэн. Харин энэ жилийн хувьд таван аймаг, гурван дүүргийн найман гэр бүл шалгараад байна.

 

-Уралдаанд хамаатан садан биш, яг гэр бүлийн хүмүүс оролцож байгаагаараа онцлогтой байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүмүүс хэр идэвхитэй оролцож байна вэ?

 

-Гэр бүлүүд идэвхитэй оролцож байна. Гэхдээ хамрагдах хүрээ нь хязгаарлагдмал байна. Энэ тал дээр бүх дүүргүүдийн ЗДТГ- ын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хэлтэс түлхүү ажиллах ёстой. Тиймдээ ч энэ удаагийн шалгаруулалтад өнгөрсөн жилийнхээс цөөн гэр бүл оролцож байна. Ер нь авьяаслаг гэр бүлийн асуудал манайд өнөөдөр чухал байна. Ялангуяа залуу гэр бүл энэ уралдаанд хамрагдах нь зүйтэй гэж боддог. Уг нь манайд “Манцуйтай хүүхэд”-ээс эхлээд л уралдаан явагдаж байгаа шүү дээ.

 

Тэгэхээр гэр бүлийн дуулдаг бүжиглэдэг, хөгжимддөг, ялангуяа ээж аавтайгаа хүүхэдтэйгээ хамт оролцох нь хамгийн чухал. Сүүлийн үед “Бяцхан мисс”, “Бяцхан ханхүү” зэрэг уралдаанууд ихээхэн зохиогдож байгаа. Энэ ажлыг зөвхөн ХАХНХЯам,төрийн бус байгууллага биш, бусад албан байгууллагууд дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн албан байгууллагын ажиллагсадаас хэний гэр бүл авьяаслаг вэ гэдгийг байгууллагуудаас нь тодорхойлж гаргах хэрэгтэй бай­на. Тиймээс албан байгууллагуудын захирлууд нийгмийн хөгжлийн асуудал дээр цаашдаа анхаарч ажиллах байх гэж найдаж байна.

 

Дээр үед “Хүүхдийн баяр” дөхөхөөр ийм чиглэлийн ажлууд их явагддаг байсан. Тэгэхээр олон ажиллагсадтай газар авьяаслаг гэр бүл олон байгаа. Ёс заншил, соёлыг үр хүүхдэдээ өвлүүлж уламжлуулахаас гадна гэр бүлээрээ дуулж бүжиглэж, хөгжимдөх энэ бүх авьяас нь өв уламжлагдан үлдэх, ялангуяа авьяаслаг олон гэр бүл бий болгоход энэ үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм. Энэ утгаараа цаашдаа тухайлбал, аймгаас шалгарсан гэр бүл аймагтаа энэ үйл ажиллагааг сурталчилна гэсэн үг. Ер нь энэ үйл ажиллагаанд оролцсоноор өөртөө байгаа авьяасыг үр хүүхдэдээ өвлүүлж байна гэсэн үг шүү дээ.

 

-Нөгөө талаас энэ урал­даанд оролцох нь гэр бү­лээрээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд нэгдэж нэг зүйлийн төлөө хамтдаа байх сэтгэгдлийг төрүүлж байна гэж бодож байна л даа?

 

-Тэгэлгүй яахав. Хүүхдийнхээ авьяасыг эцэг эх багаас нь олж харах, цаашдаа хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэхэ авьяаслаг гэр бүлийг шалгаруулах ажил маш чухал. Ялангуяа тав, зургаан настай хүүхдүүдийн авъяасыг эцэг эх олж харах мэдрэмжтэй байх ёстой. Энэ насан дээр хүүхдийн төлөвшил харагддаг учраас дуулж, бүжиглэх эсвэл балетад дуртай юм уу гэдгийг яг энэ насанд нь хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл манайд дөрөв, тавдугаар ангид орчихсон байхад нь хөгжүүлнэ гэж яриад байдаг. Энэ бол хоцрогдсон асуудал.

 

Бид язгуур урлагаар өрсөлдөнө

 

Энэ үеэр уралдаанд оролцогч Ц.Бадамсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас иржээ.

 

-Юуны өмнө манай гэр бүлийг дэмжиж зардал мөнгийг минь гаргаж өгсөн аймгийнхаа ЗДТГ-ын хамт олонд маш баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ уралдаанд манай гэр бүлийн есөн гишүүн оролцлоо. Уг нь 11 гишүүн ирэх байсан ч ажлын байдлаас болоод оролцож амжсангүй.

 

-Танай гэр бүл ямар авьяас үзүүлэх вэ?

 

-Ихэвчлэн язгуур урлаг морин хуур, хөөмий, бие биелгээгээр оролцоно. Анх удаа оролцож байгаа.

 

Бүх үзүүлбэртээ тавуулаа гарна

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас ирсэн Д.Болдын гэр бүл гурван охины хамт ир­жээ. Энэ уралдаанд анх удаа оролцож байна. Өмнө нь “Univers best song's” уралдаанд оролцож байсан. Бэлтгэлээ сайн хангасан. Бид дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө. Хоёр гитар, ямаха тоглоно. Бас гадаад дуу дуулна. Болж өгвөл үзүүлбэрүүд дээрээ тавуулаа гарах сонирхолтой. Бүжиг гэхэд л гурван охин маань бүжиглэнэ. Үүгээрээ онцлог болов уу гэж бодож байна.

Нийслэл таймс

Д.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button