Би багшаасаа илүү давж, харин дараагийн шавь нар надаас илүү давж уран бүтээл хийх ёстой

Энэ удаагийн дугаартаа Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, төгөлдөр хуурч, МУСТА Ц.Энхтөртэй ярилцлаа.

 

-Ярилцлагаа таны урлагт хөл тавьсан үеийг дурсаж эхэлье. Урлагийн чухам юунд татагдав?

 

-Дөрөв, таван настайгаасаа л урлагт татагдсан даа. Манайх чинь урлагийн гэр бүл шүү дээ. Аав минь хөгжмийн зохиолч хүн. Гэрт ийм урлагийн орчин байсан болохоор нэг л мэдэхэд хүнээр заалгалгүй төгөлдөр хуур тоглоод сурчихсан байлаа. Тухайн үед бид намйан настайдаа Хөгжим бүжгийн дунд сургуульд ордог байлаа. Хамгийн анхны хөгжим заасан багш минь Монголын нэртэй төгөлдөр хуурч,  Ардын жужигчин Цолмон гэж сайхан хүн байсан. Тэр бгшдаа анх шавь орсондоо баярлаж явдаг. Дараа нь Москвад таван жил сурсан. Ингээд л мийний урлагийн зам цаашаа үргэлжилсэн гэж би боддог.

 

-Таны аавыг хөгжмийн зохиолч Г.Цэндорж гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Аав, ээж, гэр бүлийнхээ тухай яриач?

 

-Миний аав насаараа л урлагт зүтгэсэн хүн. Хийсэн бүтээсэн зүйл их. Ялангуяа хамт ажиллаж байсан хүмүүс, урлагт олон жил зүтгэсэн хүмүүс “Цагаасаа түрүүлээд төрчихсөн, цагаасаа түрүүлээд юмаа хийчихсэн” хүн гэж ярьдаг. Тухайн үед нь уран бүтээлийг нь ойлгоогүй. Харин одоо би мэргэжлийн нүдээр харахад урлагт нэлээд зүйл хийсэн байгаа юм. Би судлаач хүн биш л дээ. Гэхдээ ари, романсын үндэслэгч гэж мэргэжлийн дуучид аавыг минь үнэлдэг. Найдалмаа багш маань ч тэгж хэлж байсан удаатай. Урлагт оруулсан хувь нэмэр нь мэдээж өндөр.

 

-Ааваасаа өвлөж авсан баримталж явдаг зарчим байгаа л байх?

 

-Би аавынхаа шударга зарчмыг л үргэлж хадгалж, үргэлжлүүлж явахыг хичээдэг. Манай аав өөрөө зөвхөн хөгжмийн зохиолч төдийгүй яруу найраг, онол, шүүмжлэл их бичдэг байсан. Тухайн үеийн урлагт болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шударга биччихдэг байсан хүн. Тэр зарчмыг нь л баримталж явахыг хичээдэг. Энэ нь жаахан өвлөгдсөн байж магадгүй шүү /инээв/.

 

-Та унаган Улаанбаатар хотын хүүхэд шүү дээ. Таны хүүхэд байх үеийн Улаанбаатар, өнөөгийн Улаанбатарыг хөгжлийн хувьд харьцуулшгүй байх. Гэхдээ тэр хэрээрээ хотын соёл гэж зүйл алдагдаад байх шиг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?

 

-Мэдээж аливаа улсын нийслэл бол тухайн орны нүүр царай л даа. Хот маань нэлээд хөгжиж байна. Өндөр өндөр байшин барилгууд баригдаж л байна. Гэхдээ энэ байшингийн өндөртөө гол нь биш. Яагаад гэвэл бүх юм цэгцтэй байх ёстой байхгүй юу. Манайд харамсалтай нь тийм юм алга шүү. Шавааралдсан юм л харагдах юм. Дээрээс нь миний нүдээр бол харилцааны соёл гэж юм ерөөсөө алга. Автобусанд суусан ч, дэлгүүрт орсон ч тэр. Хотын соёл гэдэг чинь арай өөр шүү дээ.

 

Манай хүн амын хэдэн хувь нь Улаанбаатарт амьдраад байгаа билээ. Зарим нь хээр талд явж байгаа юм шиг л аяглах юм. Гэхдээ цаг хугацаа, нийгэм хүмүүсийг төлөвшүүлэх байх гэж бодож байна.

 

-Анхны бие даасан тоглолтоо 1992 онд тоглож байсан шүү дээ. Тухайн үед сонгодог хөгжмийн тоглолт хийхэд хэр хүндрэл гарч байв?

 

-1992 оноос цэвэр бие даасан тоглолт хийж эхэлсэн. Тухайн үед биднийг тайзан дээр тоглоход хөгжмийн зэмсэг их ховор байлаа. Байсан хөгжмийн зэмсгүүдийнх нь хөг нь буучихдаг ч юм уу. Тиймэрхүү байдалтай л байсан. Би зөвхөн Европийн хөгжим тоглоод байх биш, Монголын мэргэжлийн хөгжимчдийн бүтээлүүдээс бас тоглох шаардлагатай гэж боддог. Гэхдээ монгол хөгжим мань тун цөөхөн. Нэг хөгжмийн зохиол бэлдэхэд их удаан хугацаа шаардагддаг болоод тэр байх. Анхны тоглолтоо “Венийн сонгодог” нэртэйгээр тоглож байлаа.

 

Венийн сонгодог хөгжмийн гурван сонат тоглож байсан санагдана. Сонат гэдэг чинь хөгжмийн том хэлбэрийн зохиол шүү дээ. Номоор бол роман гэсэн үг юм даа. Ингэж л анхны гараагаа эхэлсэн.

 

-1992 оноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Таны нүдээр Монголын сонгодог урлагийн хөгжил ямар түвшинд явж байна вэ?

 

-Яахав энэ хооронд нэлээд хугацаа өнгөрсөн байна. 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хооронд цэвэр уран бүтээл тоглолоо. Би багшдаа баярлаж явах ёстой. Манай багш өөрөө мундаг төгөлдөр хуурч байсан. Багшийн минь шавь, шавийнх нь шавь гээд нэлээд өргөн. Монголын нэлээд тэргүүний гэж хэлж болохоор хөгжимчдийг бэлтгэж үлдээсэн байгаа юм. Энэ нь өөрөө Монголын урлагт үлдээсэн том гавьяа гэж боддог.

Миний баримталдаг зарчим бол багшаасаа илүү давж уран бүтээл хийх ёстой. Дараагийн шавь нар надаас илүү давах ёстой. Тийм л бодолтой явдаг. Яахав 90-ээд оноос хойш зах зээл гээд их бужигналаа. Харьцуулаад харахад мэдээж социализмын үеийн сонгодог урлаг нэг өөр, зах зээлд шилжсэн үеийн сонгодог урлаг арай өөр түвшинд явж байгаа юм болов уу гэж боддог юм. Яагаад гэхээр социализмын үед бүх юм нь төрийн бодлогоор хийгддэг. Харин энэ үед бид төрөөс биш өөрсдөөсөө л хамаарах, чадах бүхнээ хийж байна. Нэг талаараа зөв боловч нөгөө талаараа арай  хязгаарлагдмал болоод байгаа юм. Жишээ нь, би нэг оркестра аваад тоглох гэхээр тэрр нь хичнээн их үнэтэй байдаг билээ дээ. Тэр мөнгийг бид тэр болгон хаанаас олох билээ. Үүнийгээ дагаад мэргэжлийн түшин сааралтаад эхэлж байгаа байхгүй юу. Ер нь бол хөгжимчин байх, тэр тусмаа төгөлдөр хуурч, хийлч байхад хэцүү. Яг хөгжмөө тоглоод амьдарна гэдэг Монголд бол хэцүү. Монголд А зэрэглэлийн уралдаануудад тоглох хүн байхаа байсан. Их ховордсон. Хүүхдийн насны ангилалд бол болж байна л даа. Сая Шопений нэрэмжит олон улсын уралдаанаас харж байхад хүүхдийн насны ангиллууд маш сайн, харин том ангиллын оролцогчдын чадвар муудаад байгаа нь эмзэглэмээр. Тэгээд дээр нь цомгийн асуудал ярих юм бол бүр л хэцүү.

 

-Өнөөдрийг хүртэл хичнээн тоглолт тоглосон бэ?

 

-Ер нь бол жилд дунджаар хоёр тоглолт гээд бодохоор 40 гаруй концерт тоглосон байгаа байх. Би реклам гэдэг зүйлээс хөндий байхыг боддог хүн. Сонгодог урлаг бол рекпамдаад байх урлаг биш л дээ. Монголд хэдийгээр сонгодог урлаг хөгжчихсөн гэж яриад байгаа боловч үнэндээ тийм ч өндөр түвшинд хүрээгүй байгаа.

-Таныхаар үзэгчдийн хүлээн авах чадвар хэр байгаа бол?

 

-Хүн сонгодог тоглолтонд ирээд ямар нөлөөлөл авч байна түүгээрээ л хүлээж авдаг байх. Сонгодог урлагийн тоглолтууд учиргүй орилоод шуугиад байх юм байхгүй л дээ. Ямарваа зүйлийн орчин гэж байна шүү дээ. Европт ч гэсэн сонгодог хөгжмийн тоглолт үзээд унтчихдаг хүн байж л байдаг. Ойлгодоггүй хүн ч байна. Яахав хүн амын тоо үүнд аср их нөлөөлж байгаа юм. Түүнээс бол зөвхөн зориулсан үзэгчид байна гэдэг байж болохгүй зүйл л дээ.

 

-Зөвхөн Монголдоо төдийгүй гадаадад олон тоглолт хийсэн байх. Хаана, хаана тоглож байв?

 

-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болсон шүү дээ. Тэр ойд зориулж Америкийн Чикаго хотод анх удаа бие даасан тоглолтоо хийжбайсан. Тэнд Монголын хөгжим анх удаа тоглогдож байсан болов уу гэж боддог. Мөн найзуудтайгаа хамтраад Японд тоглолтууд хийж байсан.

 

-Цомгуудын тухайд?

 

-Анхны цомгоо туршилтын журмаар гаргаж байсан. Анх удаа Монголд симфони оркестрын тоглолт бичүүлж гаргаж байлаа. Дараа нь түүх болоод л үлдэх байх. Хоёр дахь цомогтоо Шарав гуайн бүтээлүүдийг тоглосон. Өмнө нь Америкт бүрэн эхээрээ тоглогдож байсан л даа.

 

-Дараагийн цомог төлөвлөгдөж байна уу?

 

-Цомог хийе гэж бодож л байна. Гэхдээ бүх зүйл санхүүтэй холбоотой болохоор хараахан боломж олдохгүй байна л даа.

 

-Хамгийн сүүлд “Eccentric concerto” буюу “Сонгодог үдэш” тоглолтоо тоглосон. Энэ хоршил тоглолтын тухайд?

 

-Хоршил бол хөгжимчин хүн болгоны тоглож байх ёстой төрөл гэж би ойлгодог. Монголд бол төдийлөн хөгжөөгүй байна. Сүүлийн үед Европт энэ хоршил хөгжмийн төрөл их хүчээ авч байгаа. Дэлхийн нэртэй төгөлдөр хуурчид бараг бүгд хоршил тоглож байна. Сонирхогчдын зүгээс үзэгчдээ татах арга гэж харж байж болох юм. Гэтэл энэ хоршил гэдэг төрөл Моцартын үед тоглогдож байсан байдаг. Моцарт өөрөө энэ төрөлд зориулж их бүтээл хийсэн. Монголд бол их ховор. Тэгээд хүмүүст энэ төрлийг танилцуулъя гэсэн бодлын үүднээс өөрийнхөө шавьтай хамтарч тоглосон.

 

-Одоо тоглогдох тоглолтынхоо тухай яриач. Өмнөх тоглолтуудаас тань юугаараа ялгарах бол?

 

Тоглолт маань энэ сарын 22-нд Улсын филармонид болно. Энэ удаагийн тоглолт маань үе шаттай гэж хэлж болохоор. Шубертийн “Фантазия” гээд нэлээд алдартай зохиол тоглогдоно. Ирээд сонссон хүмүүс ялгааг нь харах байх. Эхлээд Шуберт араас нь Францын хөгжмүүд тоглоно. Тоглолтын логик нь хүний амьдралын тухай, хөгжлийн тухай юм л даа. Шавь Энх-Амгалантайгаа хамтран тоглож байгаа.

Нийслэл таймс

А.Халиун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button