Х.Баттулгыг ҮХАА-н сайдын албанаас чөлөөлөхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг өчигдөр үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороодын хамсарсан хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан Ерөнхий сайдын илтгэл, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга нараас асуулт асууж тодруулсан юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Ч.Хүрэлбаатар, Д.Ганбат нар саналаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 54 нь буюу 78.3 хувь нь дэмжсэн тул Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцсоноор чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
П.УНДРАМ
Оллоо.мн