Чуулган өндөрлөлөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцсэн Газрын тосны тухай шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд уналаа.

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж санал хураахад дэмжсэн болон татгалзсан гишүүдийн санал тэнцэж гишүүдийн олонхийн саналыг авч чадаагүй тул хуулийн төсөл батлагдаагүй юм. Ингэснээр 2013 онд өргөн барьсан дээрх хуулийн төслийг Засгийн газарт буцааж байгаа юм.
 
Үүнээс гадна чуулганаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын дагуу гүйцээн боловсруулах чиглэлээр гаргаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан.
 
Эцэст нь нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан өргөн мэдүүлсэн 15 хуулийн төслийг баталлаа.
 
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг гишүүдийн олонхи дэмжиж УИХ-ын үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.

 

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button