Х.Баттулгын суудалд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн тухлах нь
УИХ-ын чуулганаар Х.Баттулга гишүүний хүслийг ёсоор болгож, Засгийн газрын нэг гишүүн нь “давхар дээл”-ээ тайллаа. Харин одоо түүний орыг хэн залгах бол гэдэг нь таамаг төдий байгаа юм. Мэдээж эвслийн Засгийн газрын квотын дагуу ҮХАА-н дараагийн сайд Ардчилсан намын хүн байх учиртай.
Түүнчлэн “давхар дээл” ад болж байгаа болохоор парламентын гаднаас сонгох нь гарцаагүй. Гэхдээ хэн нэгэнд хувьцаа болгон оногдуулах уу, эсвэл ганхаж эхэлсэн Засгийн газартаа гайгүй сайн тулгуур болчих хүнээ томилох уу гэдэг нь эргэлзээтэй.
Ардчиллынхан олон фракцитайн дээр дотооддоо нэлээд зөрчилтэй байгаа. Тиймээс энэ удаагийн бялууны зүсмийг Ерөнхийлөгчийн хүнд хүртээнэ гэх яриа олны дунд аль хэдийн тархжээ. Учир нь урагшгүй гэгдээд байгаа Засгийн газрын зүгээс төрийн тэргүүнд тал засахын тулд ийм хуваарилалт хийх магадлал маш өндөр байгаа юм.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс түүний зөвлөх А.Ганбаатар болон Л.Пүрэвсүрэн нарын нэр дурьдагдаж байгаа бөгөөд Тамгын газрын дэд дарга Б.Нэргүйгийн нэр ч хавчуулагджээ. АН-ын анхны хуваариар бол энэ суудалд МоАХ-ны хүн байх ёстой. Тэгэхээр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн МоАХ-ны төдийгүй төрийн тэргүүнтэй шадарладаг гэдэг утгаараа хамгийн магадлал өндөртэйд тооцогдож байгаа юм.
Х.Баттулга сайдыг анх хүсэлтээ өгөх үед нэгэнт МоАХ квотоо өөрсдийн саналаар буцааж байгаа болохоор өөр фракцид өгөх нь зүйтэй гэдэг байр суурьт нэгдэж байсан. Тиймээс “Кроун” фракциас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүүг зүтгүүлэхээр ярилцах болсон байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракциас УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгийн нэрийг дэвшүүлэхээр зэхэж эхэлсэн гэх. Гэвч тэрбээр Эгийн голын усан цахилгаан станцыг удирдаж байгаа болохоор сайд болох гэж яарахгүй л болов уу.
Гэхдээ Засгийн газрын хувьд нэгэнт хуваарилж өгсөн яамыг дорвитойхон толгойлоод явж чадаагүй гэдэг шалтгаанаар сайдын суудлыг тус яаманд байгаа хүнд өвлүүлэх нууцхан хүслээ мөн л олон нийтэд бор шувуу болгон нисгэчихээд байгаа. Өөрөөр хэлбэл ҮХАА-н дэд сайд Ц.Туваан болон Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын нэр дуулдаж байгаа. Энэ хоёрын хувьд өнгөрсөн хугацаанд Х.Баттулгатай гар нийлж, хамтран ажиллаж байсан учраас үлдсэн хугацаанд хурдтай ажиллах боломжтой гэж үнэлэгджээ.
Гэвч жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэгчээр Х.Золжаргал илүү рейтингтэй байгаа гэнэ. Түүний хувьд өмнө нь тус яамны дэд сайдын албыг хашиж байсан нэлээд туршлагатай.
Тиймээс Төрийн нарийн бичиг болон Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын нэр шинэ сайдаар томилогдох магадлал өндөртэй хүмүүсийг тэргүүлж байгаа аж.
Юутай ч ардчилагчид албан тушаалын төлөө эрх барьж байна уу, улс эх орныхоо төлөө эрх барьж байна уу гэдэг нь энэ удаагийн томилгооноос тодорхой харагдах бололтой.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр