Б.Өнөрболд: Газрын үнийг дүүрэг бүрээр ялгавартай тогтоох асуудал шийдэгдээгүй
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Нийт есөн байршилд дахин төлөлвлөлтийн ажил хийгдэхээр сонгогдсог бөгөөд энэ хүрээнд гүйцэтгэгч компаниуд иргэдтэй тохиролцож газар чөлөөлөлтийн ажилаа хийж байгаа юм. Ингээд энэ ажилд иргэдтэй тохиролцож чадахгүй бэрхшээл багагүй тулгарч байгаа аж. Иргэдтэй ийнхүү тохиролцож чадахгүй байгаа нь иргэд газрын үнээ хэт өндрөөр үнэлж байгаагаас болж буй аж. Бид энэ асуудлаар Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өнөрболдтой ярилцлаа.
Сайн байна уу, Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар шатандаа явж байна вэ?
Нийтдээ есөн байршилд дахин төлөвлөлт хийгдэж байгаа. Эдгээр баршлууд дээр сонгогдсон компаниуд иргэдтэй тохиролцож газар чөлөөлөлтөө хийж байна. Гангар инвест, Баганат өргөө, Асар-Өргөө, Хэра пропертиз, Жи Ди, Урбан девелопмент, Өндөр Буянт, Их –Өргөө, Ди Ви Жи Эд, Грийн ресурс, Очирням, Бүрд, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Бармон, Цэлмэг Ази, Назу проперти зэрэг компаниуд сонгогдон ажиллаж байна.
Газар чөлөөлөлтийн ажил удааширч байна гэсэн энэ юунаас болоод удааширч байгаа вэ?
Газар чөлөөлөлтийн ажи л бол байршлуудаасаа болоод янз бүр байгаа. Зарим сонгогдсон байршилд маш сайн явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч компаниуд иргэдтэй тохиролцож чадаж байгаа гэсэн үг. Харин зарим газарт иргэдтэй тохиролцож чадахгүй удааширч байгаа зүйл их байна. Энэ нь иргэд газраа хэт өндрөөр үнэлж байгаагаас болж байгаа. Иймээс аль аль тал нь уян хатан байж нэгэнт эхлүүлсэн ажлыг амжилттай дуусгах хэрэгтэй байгаа юм.
Газар чөлөөлсөн иргэдтэй хэрхэн тохирч байгаа вэ?
Мэдээж иргэдийн газрыг нэг л өглөө шууд авчихгүй. Иргэдийн газрыг тодорхой хэмжээгээр үнэлээд тохиролцож чадвал орон сууц ашиглалтанд ортолх хугацаанд амьдрах байр, орон сууцных нь түрээсийн мөнгийг өгч байгаа.
Иргэдийн газрыг хэрхэн үнэлж байгаа вэ?
Айлуудын газар харилцан адилгүй л дээ. Зарим нь том зарим нь жижиг гэх мэт. Гэхдээ айлын газрыг хэрхэн үнэлж тохиролцох нь гүйцэтгэгч компаниудын ажил. Зарим компаниуд нь харьцангуй өндөр үнэ хэлж иргэдтэйгээ тохиролцож байна. Зарим нь тохиролцож чадахгүй удааширч байна.
Сүүлийн үед иргэд газраа хэт өндөр үнэлж байгаа тул газрыг дүүрэг бүрээр нь ялгаж жишиг үнэ тогтоох талаар ярьж байгаа энэ талаар?
Ийм зүйл зөвхөн яригдаж байгаа. Яг ингэж шийднэ гэж тохироогүй. Газрын үнийг ялгаатай тогтоогоод өгвөл мэдээж хүн бүр л төвдөө суурьшиж газраа үнэд хүргэхийг бодно. Төвийн хүмүүс зах руу гарахыг хүсэхгүй. Тэгэхээр энэ нь мэдээж төвдөө нягтаршил үүсгэнэ. Хот төлөвлөлт алдагдана гэсэн үг. Тиймээс энэ нь яг тэгнэ гээд шийдэгдээгүй байгаа асуудал.