Хятадад үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт буурчээ
Өмнөд хөршийн Үндэсний статистикийн газрын мэдээлснээр БНХАУ-ын эдийн засагт буурах хандлага ажиглагдсан байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд доошлох хандлага ажиглагдаж байгаа тул зах зээлийг дэмжих бодлогоо эрчимжүүлэх шаардлагатай байна гэж холбогдох албаныхан мэдэгджээ.
Хятадын Үндэсний мэдээллийн төвийн макро эдийн засгийн судалгааны газрын дарга Нью Ли “Хөрөнгө оруулалт, өргөн хэрэглээ, аж үйлдвэрийн тоо баримт нь төсөөлж байснаас бага зэрэг өсөлттэй гарсан. Юуны өмнө аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үндсэн үзүүлэлт нэлээн доогуур байна. Жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг 9 хувь орчимд хэлбэлзэж байгаа нь боловсруулах аж үйлдвэрийн чадавх, хангамж нь эрэлт хэрэгцээнээс давсан, үндсэн үйлдвэрлэлд маш их бэрхшээл тулгарч байгааг харуулж байна. Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчний хувьд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт буурч байна. Худалдан авалт ч тааруу байна” гэжээ.
Энэ оны эхний дөрвөн сард үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ 0.3 хувиар буурч, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдааны өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийн гуравдугаар сарынхаас доогуур байгаа аж. Энэ нь эдийн засгийн уналтын шинж тэмдгийг харуулж байгаа бөгөөд эдийн засгийн бууралт, зах зээлийн эрэлт хэрэгцээ муудаж байгаа зэрэг нь Хятадын барааны үнийн үзүүлэлтэд нөлөөлөх юм байна.
Өглөөний сонин
С.Цээл