Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр тооцож олгоно

Ажилгүйдлийн тэтгэмжийг иргэд хэрхэн авдаг, ямар тохиолдолд эрх үүсдэг талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Д.Нарантуяагаас тодрууллаа.

-Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ. Энэ талаар тодруулаач?

-Даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чө­лөө­лөгдсөний улмаас то­дор­­хой хугацаагаар орлого­гүй болж, амьдралын баталгаа нь алдагдаж, эрсдэлд ордог. Ажил­гүйдлийн даатгал нь энэхүү  эрсдлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн даатгуулагчийн дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд дээрх сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

-Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хэр хугацаанд төлсөн хүнд тэтгэмж авах эрх үүсэх вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимт­гэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийг­мийн даатгалын сангаас ажил­гүйдлийн тэтгэмж олго­дог байгаа. Даатгуулагч ажил­гүйд­лийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөх­цөлд тухайн хүн ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүсдэг.

Даатгуулагч ажилд ороод л нийгмийн даатгал төлж эхлэх үеэс ажилгүйдлийн даатгалд хамрагдсан гэсэн үг. Учир нь тухайн иргэн буюу даатгуулагч нийгмийн даатгалын дөрвөн төрөлд, ажил олгогч таван төрөлд шимтгэл төлдөг. Тодруулбал, тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даат­гал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлд­вэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал  /ажил олгогч төлдөг/ хэмээн хуваагдаж төлөгддөг.

-Даатгуулагч тэтгэмжээ хаанаас авах вэ. Ямар материал бүрдүүлэх шаард­лагатай вэ?

-Даатгуулагч ажлаас халаг­даж, ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссаны дараа ажилгүй болсноо оршин суугаа нутаг дэвсгэрийн Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлэх хэрэгтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг Хө­дөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн VI зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно. Ажилгүйдлийн тэтгэмж авах­даа даатгуулагч өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авчирна.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахад даатгуулагчийн аж­лаас халагдсан шалтгаан хамаарах уу?

-Ажлаас чөлөөлөгдсөн хоёр шалгаанаас болж тэтгэмж бодох хоногт өөрчлөлт ордог то­хиолдол байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгох боловч тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасч олгох нөхцөл байгаа гэсэн үг. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрч­сөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан бол ажлын 40 өдрийн тэтгэмж олгодог. Харин байгууллагаас шалгаалан ажлаас халагдсан бол 76 хоногийн тэтгэмж бодуулж авна.

-Тэтгэмжийн мөнгийг ямар журмаар боддог юм бол?

-Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн гурван сарын ор­ло­гын дунджаас хамаарч бо­дож олгоно. Тодруулбал, даат­гуулагч ажилгүйдлийн тэтгэмжийг тав хүртлэх жил төлсөн бол 45, 5-10 хүртэл жил бол 50, 10-15 хүртэл бол 60, 15-аас дээш жил төлсөн бол 70 хувиар хувилж бодогдох болно.

Монголын мэдээ

Ж.Отгонмягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button