Бакалаврын хөтөлбөрт тавих шаардлагын үр шимийг оюутан суралцагчид хүртэнэ
Бакалаврын хөтөлбөрт тавих шаардлага, түүнд туссан агуулгын чиглэлийн талаар МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамиртай ярилцлаа.
–Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг шинэчилж баталлаа. Аливаа шинэчлэлийг сайжруулах л гэж хийдэг. Оюутнуудын хувьд хичээлээ сонгож үздэг болсноор ямар давуу тал бий болж байгаа юм бэ?
-Бакалаврын хөтөлбөрт тавих шаардлагыг оюутан, суралцагчид үр шимийг нь хүртэнэ гэж харж байна.Энд тийм хичээл хэдэн цаг орох тухай хатуу заагаагүй, сайн мэргэжилтэн бэлтгэх төдийгүй дээд боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, ур чадварыг хүрэх үр дүн байдлаар зөвлөмжилсөн зэрэг зарчмын өөрчлөлт орсон. Энэ маш чухал. Жишээ хэлэхэд оюутанд ийм чиглэлийн мэдлэг, ур чадварыг эзэмших боломжийг бий болгох тухай шаардлага болохоос бус тийм хичээл байна байхгүй гэж ойлгож болохгүй юм.
Тэр мэдлэг ур чадварыг ямар хичээлээр хэдэн цагаар төлөвлөх, хэрэгжүүлэх нь тухайн сургуулийн эрх төдийгүй, хичээлийн агуулга, аргазүйг хэрхэн төлөвлөж сургалтыг зохион байгуулах нь багшийн эрх, суралцаж байгаа оюутны сонголт хийх эрх зэргийн тухай асуудал юм. Энэ шаардлага үнэхээр шинэлэг зүйл болсон. Үр дүн, чанарт чиглэсэн, суралцагчийн сонголтыг эрхэмлэсэн тогтолцоог нэвтрүүлэх эрх чөлөө, боломжийг нь бүрэн нээж өгсөн гэж ойлгож тийм хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах үзэл баримтлалыг МУБИС боловсруулан хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ирэх намар шинэ хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулна.
-Их дээд сургуульд Монголын түүхийн хичээл байхгүй болсон тухай яриа байна. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?
-Манай МУБИС-ийн хувьд оюутны эзэмших дээд боловсролын ерөнхий суурь мэдлэг, ур чадварт эх хэлээрээ төгс яруу ярих, бичих, харилцах, тоон болон чанарын мэдээ баримтад шинжилгээ хийх үнэлэх зэрэг олон ур чадварыг төлөвшүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүй, хүний үндсэн эрх, хувь хүний төлөвшил, хөгжлийн талаар суралцах, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх агуулгын чиглэлийг гол болгож байх жишээтэй. Бид Монголын түүх соёлын талаар суралцах боломжийг МОНГОЛЫН ТҮҮХ гэсэн хичээлээр эзэмшүүлэхээр төлөвлөж, хүрэх үр дүнд баримжаалсан агуулга аргазүйгээр шинэчилж байна. Тэгэхээр Монголын түүх байна гэсэн үг биз дээ.
-Докторын ажил хамгаалуулах зөвлөл шинэчлэгдсэн гэсэн мэдээлэл гарсан. Тэр яг юу болсон юм бол?
-Миний мэдэх Боловсрол судлал, сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг харахад академич, шинжлэх ухааны доктор, доктор, профессорууд байна. Бүх хамгаалуулах зөвлөлд орсон гишүүдийг харахад орох ёсгүй, зэрэг цолгүй хүн харагдахгүй байна. Бүгд докторууд байна. Хамгаалах хүний чиглэлээс хамаараад тэр чиглэлийн мэргэшсэн хүмүүсээр гишүүдийг өргөтгөж болно. Харин ч нээлттэй байна. МУБИС-ийг түшиглэн байгуулагдсан Улсын хэмжээний хамгаалуулах зөвлөл болохоос биш зөвхөн манай сургуулийн зөвлөл биш л дээ.